Б.Амарсайхан Монгол байгаа юу?

8-р сар 12, 2025 - 18:53
8-р сар 13, 2025 - 11:40
 0
Б.Амарсайхан Монгол байгаа юу?

Нөлөөтэй айлын хөвгүүдийн ачаар сүүлийн хэдэн сар Монголчууд хууль засаглал ямаршуухан хэмжээнд завхарсныг бодитоор харж, ирээдүйд итгэл алдарч байна. Эхлээд Ерөнхий сайдын хүү аавынхаа засгийн газрыг огцруулж цахиур хагалсан боловч бүх орлого нь хууль ёсных болох нь шалгалтаар тогтоогдсон. АТГ-ын дуулиантай шийдвэрийн сенсацыг шинэхэн арслангийн уран хурц барилдаан арай гэж дарж байтал 7 сарын 19-ны шөнө “Хүүхдийн 100”-ийн гудамжинд Монголын томоохон Групп компаниудын өв залгамжлагчид нэг иргэнийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь ноцтой гэмтэл учруулсан хэрэг гарч наадамчин олныг цочирдуулсан.

Хэрэг гарсан шөнө Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нар нь цагдаагийн албан хаагчдад саатуулагдаж ХАР ТАМХИ, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бол ГОВЬ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан хил даван зугтсан тухай албан бус мэдээлэл тархсан. ЦЕГ-аас Б.Амарсайханыг эрэн сурвалжлах хүсэлтийг Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага болох Интерполд өгсөн нь үнэн эсэх, уг хүсэлтийг хүлээн авсан эсэхийг тодруулахад хариулт өгөхөөс эрс татгалзав. Ямартай ч Интерполын сайтад Монгол Улсын иргэн Б.Амарсайханыг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл одоогоор огт байхгүй.

Мөн Б.Амарсайханыг хуулийн хугацаанд ирж мэдүүлэг өгөөгүй оргон зайлсан үндэслэлээр Гадаад паспортыг хүчингүй болгосон тухай мэдээлэл олон нийтэд тархсан ч ГХЯ болон ЦЕГ-аас энэ талаар нэг ч албан ёсны мэдээлэл өгөөгүй. Тэр ч бүү хэл Б.Амарсайхан нь хил давсан гэх мэдээлэл ч эргэлзээтэй. Учир нь хил даваагүй бол ЦЕГ-аас Интерполд хүсэлт өгөх боломжгүй мөн дээр нь Гадаад пасспортыг нь хүчингүй болгох ч шаардлага байхгүй билээ. Тэгэхээр бид ирэх 9 сарын 8-нд болон ГОВЬ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал дээр түүнийг хаанаас ч юм гэнэт гарч ирэн толгой бөхийн уучлалт хүснэ гэсэн битүүхэн горьдлого тээж байна. Мэдээж түүний цусны шинжилгээнээс одоо юу ч илрэхгүй.

        ГОВЬ ХК-ны тухайд Монгол ямааны ноолуурыг дэлхийд гаргасан томоохон үндэсний үйлдвэрлэгч. Тэрээр 2019 онд “Гоёо” ХХК-ийг өөртөө нэгтгэн авснаар Монгол Улсын ноос ноолууран бэлэн бүтээгдэхүүний зах зээлийн 83 хувийг дангаар эзэгнэдэг цорын ганц компани болсон юм. Говь ХК нь олон улсын зах зээлд 7 улсын 19 хотод 20 франчайз дэлгүүр ажиллуулж буй. Үүгээр зогсохгүй Европын Холбоо, АНУ, Их Британи, БНХАУ зэрэг орнуудад цахим худалдаа эрхэлдэг.  

Тиймээс Б.Амарсайхан гэх хувь хүн бус Говь ХК-ын удирдлага ноцтой гэмт хэрэгт холбогдсон төдийгүй ямар нэгэн тайлбаргүй хил даж зугтсан асуудлыг хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэхийг олон нийт шаардаж байна. Энэ бол ганц хүний ёс зүй, хувийн зан төлөвийн асуудал бус харин Монголын нэрийг дэлхийд авч яваа үндэсний брэндийн удирдлагын хариуцлага, үнэт зүйлсийн шалгуур дээр тавигдсан том сорилт юм. Түүнчлэн, олон улсын томоохон корпорацуудад ч ийм сургамж арвин бий. Тэд ганц удирдлагын ёс зүйн доголдлоос үүдэн нийт бүтцээ эргэн харж, системээ шинэчлэхэд бэлэн байж, алдаанаасаа суралцахыг эрхэмлэдэг.

1. Korean Air: “Самарны хэрэг”

2014 онд Korean Air компанийн дэд ерөнхийлөгч Ким Хён А онгоцонд самар буруу тавагласан гэх шалтгаанаар нислэг саатуулж, онгоцны үйлчлэгчийг доромжилсон нь Өмнөд Солонгост “gapjil” буюу эрх мэдэлтнүүдийн дээрэнгүй, ёс зүйгүй үйлдлийг эсэргүүцсэн нийгмийн хөдөлгөөнийг өдөөж байв. Тус хэрэг олон нийтийн итгэлд сэв суулгаж, компанийн хувьцааны ханш богино хугацаанд 6.6%-иар унасан ч, удирдлагын түвшинд хурдан, шийдэмгий арга хэмжээ авснаар Korean Air зах зээлийн итгэлийг сэргээж чадсан.

2. Samsung Group: Системийн өөрчлөлт

Samsung-ийн өв залгамжлагч Lee Jae-yong нь 2017 онд авлига, эрх мэдэл хэтрүүлэлт, хээл хахуулийн хэргээр ял сонсож, хорих ялаар шийтгэгдсэн. Үүний улмаас компани удирдлагын бүтцээ шинэчилж, ил тод засаглалыг бий болгох, бизнесийн ёс зүйг хангах олон хүчин чармайлт өрнүүлжээ. Энэ үйл явц нь зөвхөн хувь хүний алдааг бус, бүтцийн шинэчлэлийг ч хөндсөн системийн өөрчлөлт байсан юм. Гэсэн хэдий ч Самсунг группийн хувьцаа 7%-иар унаж санхүүгийн том хохирол хүлээсэн.

Олон улсын томоохон корпорацууд ийм сорилтыг туулж, хурдан, ил тод, шударга байж, системээ шинэчилснээр дахин сэргэж чаддаг. Харин Монголын ноолуурын салбарт тэргүүлэгч, үндэсний нэр хүндтэй Говь компанийн хувьд ирэх сард болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар өнөөгийн нөхцөл байдлыг эргэлзээтэй хэвээр үлдээж, алдаагаа засахгүй бол 25,437 хувьцаа эзэмшигчийн эрх ашиг, цаашлаад дэлхийн зах зээл дэх байр суурь нь суларч, үндэсний үйлдвэрлэгчдийн итгэлцэл, хөрөнгө оруулалтын сонирхол буурах эрсдэлтэй.

Энэ зун түүхт 30 жилийн ойгоо сүр дуулиантай тэмдэглэж эхлээд байсан Таван Богд групп одоогоор нам жим болоод байгаа ч бүх нийтийн анхаарал ирэх 9 сарын 8-нд болон ГОВЬ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр төвлөрөөд байна. Хууль баян ядуу гэж ялгалгүй эрх тэгш үйлчлэх үү? Хэн нэгэн нь уснаас хуурай гарч чадах болов уу? Гэсэн олон эргэлзээ удахгүй тайлагдана.

Таны хариу үйлдэл юу вэ?

Таалагдлаа Таалагдлаа 0
Таалагдахгүй Таалагдахгүй 0
Хайр Хайр 0
Хөгжилтэй Хөгжилтэй 0
Ууртай Ууртай 0
Гунигтай Гунигтай 0
Гайхалтай Гайхалтай 0