Монголчуудын “аминаас үнэтэй нээлт”
Монгол Улс нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээр Дэлхийд №1 боловч нийт хүн амын 70% нь өргөн уудам нутгийнхаа 0.2% дээр буюу нийслэл хотдоо багтаж ядан амьдарч байна.
Улаанбаатар хот үнэхээр хүн бүрийн хүсэж тэмүүлдэг амьдрахад таатай хот уу? гэвэл ҮГҮЙ. Энэ бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл, энд хүмүүс хөлдөж үхэхгүйн тулд мод, чулуу нүүрс, машины дугуй зэрэг шатааж болох бүх зүйлсийг шатааж сүүлийн таван жилд л 800 орчим хүн угаартаж үхсэн. Агаарын бохирдлоос үүдэн ханиад томуугийн халдвар жилийн 10 сарын турш оргил үедээ үргэлжилж уушгины хатгалгаагаар сүүлийн таван жилд 1800 орчим хүн нас барсны 20% нь хүүхэд. Зуны гурван сараас бусад үед хамгийн бохир агаартай Дэлхийн ТОП-3 хотын нэгээр шалгардаг эрүүл мэндэд хортой хот .
Монгол гурван хүн тутмын хоёрынх нь эрүүл мэнд, амь настай холбоотой энэ асуудал ердөө цахилгаан халаалтаар ор мөргүй алга болох боломжтой байсан. Гэвч Улаанбаатар хот сүүлчийн цахилгаан станцаа ашиглалтад оруулснаас хойш хагас зуун жил өнгөрчээ. Тэр үед нийслэлд 408 мянган иргэн амьдарч байсан бол өнөөдөр бүртгэлтэй бүртгэлгүй нийлээд 2.5 сая гаруй хүн амьдарч цахилгааны хэрэглээгээ даахгүй хэзээ мөдгүй хотоороо лаа асаахад бэлдэж байна.
Энэ бүх хугацаанд эрх баригчид юу хийв?
2008 оноос хойш нийтдээ найман засгийн газар “УТАА БУУРУУЛАХ” элдэв төслүүдэд нийт 1.7 их наяд төгрөгийг зарцуулсан дүгнэлт гарсан байдаг. Энэ бол дахин нэг ТЭЦ-4 дулааны цахилгаан станц байгуулах төсөв. Гэвч үе үеийн засгийн газар асуудлыг богино хугацаанд бүрэн шийдвэрлэх бус “Нүүрсийг утаагүй шатаах” арга олж шинжлэх ухааны томоохон нээлт хийхээр зорин 20 дох жилдээ туршилт хийсээр байна. Магад үүнийгээ нээчихвэл Нобелийн шагнал хүртэх нь баараггүй. Гэвч тэр өдрийг иртэл бид хэдэн хүнээ угаараар алдаж, хэдэн гэр бүл бие сэтгэлийн нөхөж баршгүй гарз амсах ёстой вэ.
2025 он бол Монгол улс Эрчим хүчний реформ нэрээр тарифаа 3-4 дахин нэмэгдүүлж цахилгаан халаалттай айлуудыг буцаан нүүрсний хэрэглээ рүү шилжүүлж, Хятадаас худалдан авсан шинэ төрлийн сайжруулсан нүүрсийг урьд өмнөх жилүүдээс олон өрхөд ашиглуулж туршилт хийх жил болгон зарласан. Хэрэглэгчид шинэ хятад нүүрсийг илч багатай, хурдан шатдаг зэргээр ам муутай байгаа нь шинэ туршилт мөн амжилтгүй болох вий гэсэн айдас дагуулж байна.
Хэзээ нэгэн цагт Монгол Улс “Нүүрсийг утаагүй шатаах” амбицаасаа ухарч, иргэдээ бодсон эрүүл ухаантай шийдвэр гаргаж дэлхийд хамгийн хямдаар экспортолдог нүүрсээ ашиглан Цахилгаан станцууд байгуулж УТАА түүх болон үлдэнэ гэсэн итгэл тээе.
Таны хариу үйлдэл юу вэ?
Таалагдлаа
1
Таалагдахгүй
0
Хайр
0
Хөгжилтэй
0
Ууртай
0
Гунигтай
0
Гайхалтай
0



