Шилжилтээс үүдэлтэй үе хоорондын зөрчил

8-р сар 15, 2025 - 11:59
 0
Шилжилтээс үүдэлтэй үе хоорондын зөрчил

Сүүлийн жилүүдэд Монголд Gen Z үеийнхнийг илт ялгаварлах, доош нь хийх хандлага нийгэмд ажиглагдах болсон. Монгол улс 1990 онд социалист тогтолцооноос ардчилсан тогтолцоонд шилжсэн нь үе хоорондын үнэт зүйл, ертөнцийг үзэх үзэлд томоохон ялгаа үүсгэсэн. Тиймээс тэднийг үнэлэх, ойлгох, хамтран ажиллахын тулд эхлээд үе хоорондын онцлог, нийгэм соёлын нөхцөлийг ойлгох шаардлагатай.

Тухайлбал:

  • Социалист үеийнхэн (1964 оноос өмнө төрөгсөд) эдийн засаг 1990 оноос хойш муудсан гэж үзэх нь түгээмэл.
  • Шинэ үеийнхэн (1995 оноос хойш төрөгсөд) эсрэгээрээ амьжиргаа сайжирсан гэж итгэх хандлагатай.

Үеийн ялгаа хаанаас эхтэй вэ?

Психологийн ухаанд хүний хандлага, зан төлөвийг бүрэлдүүлэхэд төрсөн цаг үе, нийгмийн орчин хүчтэй нөлөөлдөг гэж үздэг. Олон улсад 1997-2012 оны хооронд төрсөн хүмүүсийг Z үед багтаадаг. Гэвч улс, орон бүрд нийгмийн харилцан адилгүй байдал, түүхээс хамааран бага зэрэг хэлбэлздэг аж. Монгол улсын хувьд дараах байдлаар хувааж үздэг байна:

- Социалист үеийнхэн (1964 оныг хүртэл)
- Завсрын үеийнхэн (1965-1982 оны хооронд)
- Шилжилтийн үеийнхэн (1983-1994 оны хооронд)
- Шинэ үеийнхэн (1995 оноос хойш)

Өмнөх үеийнхэн буюу шилжилтийн үеийнхэн, завсрын үеийнхэн, социалист үеийнхэнд ажил, тэсвэр хатуужил, дүрэм журам чухал байсан байж болох ч Gen Z буюу шинэ үеийнхэнд сэтгэлзүйн эрүүл мэнд, хувь хүний эрх чөлөө, ажлын орчны аюулгүй байдал илүү чухал болсон. Тиймээс л бид “дуугүй тэвч”, “хий гэсэн бол хий” гэх хандлагыг хүлээн зөвшөөрөхгүй, эргэлзэж, асууж, өөр өнцгөөс харж, сонголтоо хийхийг чухалчилдаг.

Gen Z буюу шинэ үеийнхэн гэж хэн бэ?

 Бид нийгмийн сүлжээнд харсан бүх зүйлдээ шуудхан итгэдэггүй, мэдээлэлд шүүмжлэлтэй хандах, асуудлыг ганц өнцгөөс бус олон талаас нь харах, тунгаах төрөлхийн чадвартай. Түүнчлэн бид хүйсийн ялгаа, нийгмийн тэгш бус байдал болон арьс өнгөний асуудалд тэнцвэртэй хандаж чаддаг. Цөөн үгээр хэлбэл Gen Z “энэ бол миний асуудал биш” гэж хэлэхийн оронд “би юу хийж чадах вэ?” гэж боддог залуусын төлөөлөл юм.

 

Gen Z буюу шинэ үеийнхний хувьд ажлын байр бол

Бидний хувьд ажил бол амьдралын гол зорилго биш, амьдралтай зохицох л нэг хэсэг. Зүгээр л мөнгө олох гэж, эсвэл хэн нэгэнд таалагдах гэж ажиллах нь бидний хувьд өөрийгөө үнэгүйдүүлэхтэй адил. Gen Z үеийнхэн өөрийгөө хамгаалж, хязгаар тавьж, зорилго, үнэт зүйлтэйгээ нийцсэн зүйлд л цаг заваа зориулахыг чухалчилдаг. Өмнөх үеийнхэн "ажилдаа үнэнч байх" гэдэг ойлголтыг шүтэж ирсэн бол Gen Z "өөртөө үнэнч байх"-ыг нэгт тавьдаг гэж хэлж болно. Жишээлбэл, бид хэт ачаалалтай, сэтгэлзүйн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, уур амьсгал таагүй “токсик” ажлын байрнаас татгалзахдаа огтхон ч харамсаж, гэмшдэггүй. Харин ч энэ нь эрүүл шийдвэр гэж үздэг. Ажлын байр бол бидний зорилгыг гүйцэлдүүлэх ёстой орон зай болохоос, амьдралынхаа үнэт цагийг золиослох талбар байх ёсгүй.

Тодруулбал, өмнөх үеийнхэн “ажил хэцүү ч, бидэнд өөр сонголт байхгүй, хэцүү биш зүйл гэж юу байх вэ дээ” гээд тэвчсээр ирсэн харагддаг. Гэвч тэр их тэвчээрийн цаана сэтгэлзүйн асуудлууд, шаналал, чимээгүй туйлдал хэр их хуримтлагдсан байдаг бол? Харин бид бол “яагаад би ингэж амьдрах ёстой гэж?”, “би өөрийгөө ингэж золиослох хэрэгтэй юу?” гэж өөрөөсөө асууж, өөрийгөө бүхнээс илүүд тавьж, өөрийгөө хайрлахыг хичээдэг. Gen Z залуус залхуу хайнгадаа бус “Би иймэрхүү орчинд удаан байх ёсгүй” гэдгээ мэдэрсэн тохиолдолд өөрсдийгөө тэр орчноос холдуулдаг. Бид хязгаар тогтоож сурсан. “Үгүй” гэж хэлж чаддаг болсон. Энэ бол хариуцлагагүй явдал биш. Харин ч сэтгэлзүйн эрүүл мэндээ хамгаалж буй ухамсарт шийдвэр.

Бид бүгд төгс биш, залуу байж үзсэн, алдаа ч гаргадаг, эргэлздэг, төөрдөг, хямардаг. Гэхдээ шинэ үеийнхэн зогсолтгүй суралцаж, өөрсдийгөө эрэлхийлж, эдийн засгийн хямрал, дэвшилтэт технологи гээд дэлхийн хурдтай хөл нийлүүлэн алхах гэж хичээж буй үеийнхэн. Gen Z бол шүүмжлэлээс зугтсан үе биш. Харин үнэнтэй нүүр тулж, нээлттэй байж, өөрсдийн эмзэглэл, эргэлзээ, мөрөөдлөө ил тод ярьж чаддаг үе юм.

Миллениалууд буюу шилжилтийн үеийнхний бага нас, мөн чанар

Шилжилтийн үеийн хүүхдүүдийг хэн хүмүүжүүлсэн тухайд ярьвал багахан алаг цоог зураглал буухаар. Өмч хувьчлалын дараа олноороо ажилгүй болж, зах зээлийн шуурганд амьдрахын төлөө тэмцэж, хүн бүхэн ганзагын наймаанд явж, гадаадад ажиллаж, эрчүүд архинд орж, гэр бүлүүд хямрах нь хямарч, салах нь салж байсан тийм нэг зурвас үед бид хүн болж торнисон байдаг. Санаж байна уу, “Эзэнгүй айл” хэмээх олон ангит киног. Хүүхэд байхдаа үзэж байсан энэ кино эргээд бодоход яг л тухайн цаг үеийнхээ толин тусгал байж. Тэр үед харж хандах хүнгүйн улмаас гудманд гарсан хүүхдүүд нийгмийн үзэгдэл болтлоо олширсон байсан нь тэр цаг мөчийг дүгнэх олон өнцгүүдийн нэг мөн гэж бодож явдаг билээ.

Тэд ажлын байранд бусдаас ямар нэг зүйл хүсэхдээ хүсэлт тавих бус шаардаж буй өнгөөр ярьдаг гэнэ. Мөн дэлхий дээрх хамгийн олуулаа, хамгийн сайн боловсрол эзэмшсэн женерейшн гэдэгтээ эрдэж хэт их өөртөө итгэлтэй байдаг нь шүүмжлэл дагуулдаг аж. Бас ажлын орчинд нүүр тулсан харилцаа, утсаар ярих зэргээс илүүтэй мессеж, и-мэйлээр харилцах гэдэг нь бусдад төвөг учруулдаг гэнэ. 40-өөс доош насныхны уламжлалт мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл улам л буурч буй тухай судалгааны мэдээллүүд хааяагүй байх юм. Медиа хэрэгслээр хүлээж авах мэдээллүүд нэг талыг барьсан, хэн нэгний эрх ашигт үйлчилсэн байх нь элбэг гэж тэд боддог гэнэ.

“Миллениалуудын сайхан чанар нь тэд маш мөрөөдөмтгий. Өөр аль ч үеийнхэнд байгааагүй мөрөөдөл тэдэнд бий. Нийгмээ сайхан болгоно, амьдралаа сайхан болгоно гэж мөрөөдөж, түүнийхээ дагуу янз бүрийн салбарт туршилт хийж, эрсдэл гаргаж үзсэн хүмүүс байдаг. Гэтэл Z үеийнхэн бол мөрөөдлөөр амьдардаггүй, бүх зүйлийг бодитоор харж, яг таг зорилго тавьж, эрсдэлгүй амьдрах эрмэлзэлтэй байдаг байдаг.

Gen Z ба Миллениалууд ажлын байрны динамик

Монголын ажлын байрны соёлд үе хоорондын ялгаа нь барууны жишгээс илүү хурц нийгмийн шилжилттэй холбоотой. Үүнийг зөв ойлгож, хүний нөөцийн бодлого, маркетингийн стратегид тусгавал Gen Z болон Миллениал үеийн хамтын ажиллагаа нь байгууллагын өсөлтийн түлхүүр болж чадна.

2025 он буюу энэ жилээс эхлэн Z үеийнхэн Монголын нийт ажиллах хүчний 27 хувийг бүрдүүлж байгаа юм. Gen Z буюу шинэ үеийнхэн илүү хурдан дасан зохицдог, технологийн мэдлэг өндөр, шинэ санаанд нээлттэй байдаг бол Миллениалууд илүү туршлагажсан, харилцаанд хүндэтгэлтэй, шийдвэр гаргалтад илүү бодлоготой ханддаг. Гэхдээ үе хоорондын хамтын ажиллагаа амжилттай байх эсэх нь зөвхөн насны зөрүүнээс бус, харилцан хүндлэл, ойлголцлоос хамаарна.

Таны хариу үйлдэл юу вэ?

Таалагдлаа Таалагдлаа 0
Таалагдахгүй Таалагдахгүй 0
Хайр Хайр 0
Хөгжилтэй Хөгжилтэй 0
Ууртай Ууртай 0
Гунигтай Гунигтай 0
Гайхалтай Гайхалтай 0