Монгол хүний шударга ёсны хэмжүүр
Монголын улс төрийн орон зайд шударга ёсны тухай яриа улам бүр чангарч байгаа ч бодит байдал дээр эсрэг дүр зураг ноёлж байна. Хөгжлийн банкны зээлтэй холбоотой хэргээр ял сонсож, УИХ-ын гишүүний бүрэн эрх нь түдгэлзэхэд хүрээд байсан Дав.Цогтбаатар Төсвийн зарлагын дэд хорооны даргаар томилогдлоо.
Тус дэд хороо нь улсын төсвийн зарцуулалт, мөнгөний хяналт, төрийн санхүүгийн сахилга батыг хангах үүрэгтэй байгууллага. Тийм атал өмнө нь хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдож, ял авсан хүн ийм албан тушаалд очсон нь “төрийн ёс зүй”, “хууль дээдлэх ёс” гэсэн шударга нийгмийн тулгын чулуу болсон хоёр ойлголтыг чигчийн чинээ ч тоогоогүйн илрэл боллоо.
Энэ мэтчилэн, шударга ёс, хууль дээдлэх ёсыг уландаа гишгэсэн шийдвэр, тогтоолууд гарсаар байвал бид юунд итгэж амьдрах ёстой вэ. Хуулийн дээр эрх мэдэлтнүүд гарвал энгийн ард түмэн л зовлонг нь биеэрээ туулдгийг Ковидын хэдэн жил олон гэр бүлд ойлгуулсан байх. Авлига, албан тушаалын гэмт хэрэг гаарч, өнөөдөр ч гэсэн төсвөөс сох тутсан хандив тусламжийн мөнгөнүүд яригдсаар л байна.
Монгол Улсын хувьд 2024 онд Transparency International-ийн “Авлигын төсөөллийн индекс”-т 33 оноо авч, 180 орноос 114-р байрт жагссан. Энэ нь сүүлийн гурван жилд бид огтоосоо ахиц гаргаагүй гэсэн үг, атал Авлигатай тэмцэх газрын даргыг улираан томилсон явдал нь бас нэгэн хариуцлагагүй байдлыг өөгшүүлсэн тод жишээ болсон.
Цогтбаатарын томилгоо бол нэг хүний хувь заяаны асуудал биш — энэ бол системийн өвчин болоод байна. Нийгмийн сэтгэл зүйн талаасаа ч монголчууд бидний хувьд асуудал их байна. Хуулийг хүн бүр даган, сахих ёстой атал хуулиа зөрчсөн эрх баригчдыг ‘нинжин сэтгэлийн’ үүднээс өрөвдөн ялаас мулталдаг байдал бүр энгийн жишиг болж байгаа нь хэзээ нэгэн цагт маш том эргэлт болох вий.
Нэг л зүйлийг санах хэрэгтэй, ядуу хүнийг хэзээ ч хууль өрөвддөггүй гэдгийг бид мартаж болохгүй. Ядуу хүүхэд талх хулгайлаад хорих ял авдаг оронд төрийн томчууд ял завшаад сууж байгаа нь таны хувьд хэр шударга вэ? Таны шударга ёсны хэмжүүр үүнийг хүлээн зөвшөөрч чадах уу?
Таны хариу үйлдэл юу вэ?
Таалагдлаа
0
Таалагдахгүй
0
Хайр
0
Хөгжилтэй
0
Ууртай
0
Гунигтай
0
Гайхалтай
0



