Засгаасаа хөөгдөх сайд нарын нэрс яригдаж эхэллээ

10-р сар 27, 2025 - 12:32
 0
Засгаасаа хөөгдөх сайд нарын нэрс яригдаж эхэллээ

МАН доторх дотоод зөрчил ил цагаандаа гарч, “33” ба “35”-ын бүлгийн зөрчил намын задралыг өдөөв. Үндсэн хуулийн цэц УИХ-ын 95 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэснээр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан саналын томъёлол нь хууль бус хэмээн тогтоов. Мөн Ерөнхийлөгч ч энэ тогтоолд хориг тавьсан бөгөөд УИХ энэ долоо хоногт уг асуудлыг хэлэлцэх юм. Улс төрийн уур амьсгалаас харахад Ерөнхийлөгчийн хориг хүлээн зөвшөөрөгдөж, Г.Занданшатарын Засгийн газар хэвээр үлдэх нь  цаг  хугацааны л асуудал болж эхэллээ.

Ийнхүү Ерөнхий сайд Г.Занданшатар үлдэж, харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан огцорч хуулийн байгууллагын хаалга татах нөхцөл бүрдэж байна.  Энэ хооронд МАН дотроо 33 ба 35-ын бүлэг болон хуваагдаж, хэн нь хааны талд вэ гэдэг ил тод болсон. Танхим доторх зөрчил нэгдмэл байдлаасаа хальж хэн нь хэний фракц болох нь энэ хэдэн өдрүүдэд маш тодорхой боллоо. Монголчууд урвагчдыг цуснаасаа үзэж чаддаггүйн жишгээр засгаасаа уравсан гишүүдийн хувь заяа ч дээсэн дөрөөн дээр дэнжигнэж эхэллээ.

Танхимаасаа хөөгдөх нөхцөл хангасан сайд нар

Улс төрийн “зодоон” ид өрнөж, ялалтын тугаа хэн ч мандуулж магадгүй байсан ид эгзэгтэй үед Г.Занданшатарын Засгийн газрын хэд хэдэн сайд жинхэнэ зангаа таниулсан.

  • Шадар сайд С.Амарсайхан — Ерөнхий сайдын эсрэг гарын үсэг зурсан нь хамгийн ноцтой алхам байв. Гурван Засгийн газарт дараалан суусан тэрбээр энэ удаад Г.Занданшатарын эсрэг талд гарч, танхимаас хөөгдөх үндсэн нөхцөлөө бүрдүүлжээ.
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр — Багш, эмч нарын ажил хаялт сар орчим үргэлжилж, цалингийн нэмэгдлийг шийдэж чадаагүй нь “мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй” гэсэн шалтгаанаар халагдах шалтгаан болж байна. Мөн нам нь Засгийн газрыг огцруулахад кноп дарсан нь нэмэлт нөхцөл болж байна.
  • Шадар сайд Т.Доржханд — ХҮН намын дарга болох тэрбээр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн талд байсан бөгөөд “35-ын бүлэг”-ийн хөдөлгөөнд идэвхтэй оролцсон гэж үздэг.
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар — ИЗНН-ын төлөөлөл, хамтарсан Засгийн газрын гишүүн. Түүнийг ч мөн “танхимын эсрэг байр суурьтай” гэж үнэлжээ. Мөн тус намаас УИХ-д сонгогдсон Нара гишүүн ил цагаанаар экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талд ажиллаж байсан нь засгаас хөөгдөх бас нэг фактор болж байна.
  • Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан ба Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн — Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг зурсан “35-ын бүлэг”-т багтаж, улс төрийн хоёр нүүр гаргасан хэмээн дүгнэгдэж байгаа.

Засгийн газрын дараагийн бүтэц

МАН-ын “зодоон” намрын улс төрийн гол сэдэв болж, өвлийн улс төрийг сайд нарын томилгоо үргэлжлүүлэх нь тодорхой боллоо. Мэдээж хэрэг, үүнийг дагаад сайдын суудал горилогсдын дотоод тэмцэл хүчтэй өрнөх нь баараггүй. Гэхдээ энэ удаад УИХ-д суудалтай жижиг намууд гэхээсээ илүүтэй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн угшилтай улстөрчид танхимд түлхүү орж ирэх магадлал тун өндөр байна. Учир нь Г.Занданшатарын Засгийн газрыг  улс төрийн тулаанаас аварч, стратегийн том түнш болсон хүн нь “номер нэг” яах аргагүй мөн билээ.

 

Таны хариу үйлдэл юу вэ?

Таалагдлаа Таалагдлаа 0
Таалагдахгүй Таалагдахгүй 0
Хайр Хайр 0
Хөгжилтэй Хөгжилтэй 0
Ууртай Ууртай 0
Гунигтай Гунигтай 0
Гайхалтай Гайхалтай 0