УЛААНБААТАРЫН ХИЙМЭЛ ЗҮЛЭГ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭГЧ ҮҮ?

Үүний хамгийн тод илрэл бол Улаанбаатарын ногоон байгууламж. Хотын дарга нарын амлалт үргэлж гоё, бодит байдал дээр эсрэгээрээ. Урт цагааныг нураахдаа нийтийн ногоон байгууламж болгоно гэж бидэнд итгүүлсэн ч олон давхар үйлчилгээний төв болчихсон л байна. Зүүн дөрвөн замын Ийст төвийн газрыг ногоон орчин болгож өгнө гэсэн хотын даргын амлалт орон сууцны хотхон болсон. Улсаараа хүсэн хүлээсэн усан парк маань ч авилгын гороор булшлагдсан.
Ийнхүү камерын өмнө оноо авах гэж олон сайхан амлалт урсгадаг ч бодит амьдрал дээр иргэддээ жинхэнэ "салаавч" өгч чаддаг үе үеийн хотын дарга нартаа бид бас итгэсээр. Яг л хэзээ нэгэн цагт нөхөр нь архинаас гарна гэдэгт итгэсээр хамаг амьдралаа бардаг архичин нөхөртэй эхнэр шиг үе үеийн сонгуулиар тэд нарыгаа бас дэмжээстэй. Бодвол одоо л юм хийнэ дээ гэж найддаг биз...
Гэтэл өөрсдийнхөө төлөө зоригтой шаардлага тавьж чаддаг орнуудын хөгжил иргэнээ бодсон, эрүүл, ээлтэй орчинг бодлогоор дэмжин бий болгож чадаж байна. Үүнийгээ бүр стандарт болгон хэвшүүлээд аваад явж байгааг дараах баримтуудаар харуулъя.
Хиймэл зүлэгний хөнөөл
Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг хамаг газрыг маань наймаалцчихсан хотын хэдэн дарга нар нь төв талбайдаа зундаа нэг хиймэл зүлэг тавина. Мэдээж хэрэг усгүй газрын мал шиг мань мэт нөгөөхийг нь харж сэтгэл сэргэдэг жамтай. Тэгвэл тэр хиймэл зүлэг гээч нь нийтийн хэрэгцээнд тавиад байх хэмжээний эд биш аж. Дотор орчинд ашиглах зориулалттай энэ төрлийн зүлгийг зарим орнууд хэрэглэхгүй байх шийдвэр гаргаад эхэлсэн байна. Учир нь наранд хэт халсан хиймэл зүлгэнээс химийн хортой бодисууд, хүнд метал ялгардаг болох нь судалгаагаар тогтоогдсон аж.
Илүү дэлгэрүүлбэл, хиймэл зүлэг нь байгалийн зүлэгтэй харьцуулахад дулааныг илүү ихээр шингээж, гадаргуугийн температурыг огцом нэмэгдүүлдэг бөгөөд зуны халуун өдөр цельсийн 77 хэм хүрдэг юм байна.
Мэдээж хэрэг, хэт халсан хиймэл зүлэг нь хүний эрүүл мэндэд хортой бодисуудаа ялгаруулж эхэлнэ. Тухайлан тоочвол:
- Хэт халалт: Өндөр температурт халсан хиймэл зүлэг нь арьсны түлэгдэлт, наршилт, халуунд цохиулах зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.
- Химийн бодисын ялгаралт: Хиймэл зүлэг нь PAHs, PFAS болон хүнд металл зэрэг хортой химийн бодис агуулдаг. Эдгээр бодис нь хорт хавдар үүсгэгч, мэдрэлийн хордлого үүсгэгч, дааврын үйл ажиллагаанд нөлөөлөгч зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг судалгаагаар тогтоосон.
- Микропластик ялгаралт: Хиймэл зүлэгний хуванцар утаснууд нь цаг хугацааны явцад элэгдэж, микропластик үүсгэж, байгаль орчинд тархах эрсдэлтэй.
Иймд, дэлхийн олон хот хиймэл зүлэгний сөрөг нөлөөллийг харгалзан, байгалийн зүлэг, мод, бут сөөг бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Жишээлбэл, АНУ-ын Калифорни мужийн Миллбрэ хот 2023 онд хиймэл зүлэгний хэрэглээг хориглосон журам баталсан бөгөөд энэ нь хиймэл зүлэгний хог хаягдал, усны бохирдол, дулааны арал үүсэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх зорилготой. Мөн Массачусетс, Нью-Йорк мужуудаар зогсохгүй Европын холбоо, Австрали зэрэг орнуудад хиймэл зүлгийг хорих бодлого барьж эхлээд байна.
Дэлхийн хотуудын ногоон байгууламжийн стандарт
ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн доод хэмжээ 9 м² байх ёстой гэж үздэг. Харин Европын Холбоо 26 м², Нэгдсэн Үндэстний Байгууллага 30 м², АНУ-ын стандарт 18 м² гэж тогтоосон байдаг .
Зарим хотуудын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ:
- Вена (Австри): 51% нь ногоон байгууламж
- Сингапур: 47% нь ногоон байгууламж
- Сидней (Австрали): 46% нь ногоон байгууламж
- Лондон (Их Британи): 38.4% нь ногоон байгууламж
- Нью-Йорк (АНУ): 27% нь ногоон байгууламж
Эдгээр хотууд ногоон байгууламжийг хот төлөвлөлтийн салшгүй хэсэг болгон авч үздэг бөгөөд иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчны чанарыг сайжруулахад чухал үүрэгтэй гэж үздэг.
Улаанбаатар хотын ногоон байгууламжийн өнөөгийн байдал
Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 0.12–5 м² байна. Энэ нь ДЭМБ-ын зөвлөмжөөс доогуур үзүүлэлт. Одоогоос 10 гаруй жилийн өмнө буюу 2014 онд Монгол Улсын Засгийн газар "Ногоон хөгжлийн бодлого"-ыг баталж, 2030 он гэхэд хотын орон сууцны бүсийн 30%-ийг ногоон байгууламж болгох зорилт тавьсан. Мөн "Улаанбаатар 2020" мастер төлөвлөгөөнд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 30 м² болгох зорилт тавьсан ч хэрэгжилт нь ямар байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй дээ.
Хотын төв хэсэгт ногоон байгууламж харьцангуй их байгаа ч захын дүүргүүдэд хүрэлцээ муу, иргэдийн хүртээмж хангалтгүй байна. Мөн ногоон байгууламжийн нийт талбай хотын нийт талбайн 1.8%-ийг эзэлж байна.
Харьцуулалт
Энэхүү харьцуулалтаас харахад Улаанбаатар хот ногоон байгууламжийн хэмжээгээр дэлхийн жишгээс тээр доогуур түвшинд байна. Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр хамаг газраа зараад идчихсэн болохоор нэмээд бариад өгье ч гээд хотын эргэн тойронд ногоон парк хийчих хэмжээний газар үгүй. Байдаг юмаа гэхэд аль хэдийнэ ямар нэгэн барилгын шав болох төлөвлөгөө нь аль эртнээс хэрэгжээд явж байгаа нь тодорхой биз. Иймд цадиггүй хэдэн дарга сэтэртэй нөхдийг сайтар шахаж, чадахгүйг нь халдаг л байхгүй бол 14 дэд хот болон хөгжих Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө цаасан дээрх төсөл хэвээр үлдэж, бидний төлсөн татвар хэдэн зуун тэрбумаараа салхинд хийсээд л дуусах нь дээ.
Таны хариу үйлдэл юу вэ?






