Элэг "дүлий" эрхтэн биш

Монголчууд элгийг "дүлий" эрхтэн хэмээн эндүүрдэг эцэстээ... нэг л мэдэхэд эмнэлэг бус оршуулгын газарт ирдэг. Үнэн хэрэгтээ элэг зовуурилдаггүй биш зовуурилдаг эрхтэн. Эрт үедээ арьс хуурайших, амархан ядарч сульдах, хоолны дуршил буурах, жин хасах, арьс шарлах, шээсний өнгө бараан болох зэрэг шинж тэмдэг илүүтэй гардаг. Харин элэг өвдөж эхэлсэн бол хорт хавдар аль хэдий нь хожуу шатанд орсон байж болзошгүй.
Энэ тохиолдолд монголчууд дийлэнхдээ оношлуулахын оронд нойрны даруулга, өвчин намдаах эм гэх мэтээр архийг орой бүр бага хэмжээгээр уусаар хичнээн шил архи ууснаа ч мэддэггүй. Ингэж явсаар элгээ улам бүр доройтуулж үхэлтэй нүүр тулдаг. Тиймээс хамгийн олон хүний амийг авч одож байгаа зүйл бол элэг. Таны эргэн тойронд хайртай хүн чинь энэ мэт зовуурийг анзаарахгүй, хэнэггүйтэж яваа юм биш биз.
Монгол Улсад жилд 7000 гаруй хүн хорт хавдартай оношлогддог. Гэхдээ үүний 70 гаруй хувь нь аль хэдийн хожуу шатандаа орсон хойноо мэддэг. Энэ бол эмчлэгдэхэд хэцүү болсон шат. Үр дүнд нь жил бүр 4500 хүн хавдраар нас бардаг. Бараг өдөрт 12 хүн. Энэ бол зөвхөн тоо биш. Энэ бол эмгэнэл. Гэр бүлийн хүмүүс энэ өвчнөөр ар араасаа явсаар..
Элэгний хавдар үүсэх шалтгаан нь юу байна вэ?
Элэгний хорт хавдрыг үүсгэж буй гол шалтгаан бол элэгний В, С, Д вирус. Гэвч зөвхөн вирусийг буруутгах нь өрөөсгөл.
- Архи
- Тамхи
- Буруу хооллолт /гарал үүсэл тодорхойгүй ургамлын тоснууд, хэт их илчлэгтэй хүнс/
- Хөдөлгөөний дутагдал
- Таргалалт
- Мэдлэггүй, мэдээлэлгүй байдал
Энэ бүхний нийлбэр бол элгийг үгүй хийх үндэс. Эдгээр дадал зуршилууд нь монголчуудын амьдралын хэв маягийн салшгүй хэсэг болсон нь үнэн. Архины хэрэглээ бага гэж өөрийгөө дүгнэдэг ч хаяа нэг тасартлаа уудаг хүмүүс бидний найз нөхөд, эргэн тойрон олон бий. Энэ нь элэгийг хамгийн ихээр гэмтээдэг зүйл.
Оношилгоо байгаа ч оройтсон онош ямар ч эмчилгээтэй дүйцэхгүй
Монголд элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх боломж бий. ЭХО, MRI, В/С вирусийн шинжилгээ, ХСҮТ-ийн мэргэжлийн эмчийн үзлэг гээд шаардлагатай тоног төхөөрөмж, эмч, аргачлал байна. Гэвч асуудал бол цаг хугацаа.
Иргэд:
- шинжилгээ өгөхөөс айдаг,
- онош сонсохоос цэрвэдэг,
- эрт илрүүлгийн үнэ цэн, ач холбогдлыг мэддэггүй.
Улмаар өвчний хожуу үе шатанд буюу хавдар томорч, эрхтэн рүү үсэрхийлсэн үед л эмнэлэгт очдог. Гэтэл энэ үед мэс засал хийх боломжгүй, эмчилгээ бараг л байхгүй болсон байдаг.
Хэрэв эрт үедээ оношлогдвол:
- хавдрыг түлэх,
- тайрах,
- элэг шилжүүлэн суулгах
зэрэг төгс эмчилгээ боломжтой байдаг.
Харин хожуу үед:
- Хавдрыг тэжээдэг судсыг бөглөх буюу “боох”
- Бай эсвэл дархлаа эмчилгээ турших
зэрэг зогсоох, сунгах л арга үлддэг.
Хэрэв хавдар өөр эрхтэн рүү үсэрхийлсэн, элэгний үйл ажиллагаа муудсан тохиолдолд эмч нар шууд л “эмчлэгдэх боломжгүй” гэдэг хариултыг өгдөг. Энэ бол цагаасаа хожимдсоны хор хөнөөл.
Найдвар уу бий юу? Бүрэн эдгээх үү, торгоож хэдэн жил амьдруулах уу?
Бид элэгний хорт хавдараар дэлхий тэргүүлж буйд Швейцар улсын зүгээс бидэнд санаа зовинож анхаарал хандуулж эхэлсэн. Өнгөрсөн жилээс эхлэн Швейцарийн “Roche” компани Монголд элэг болон бусад хавдрын дархлаа ба бай эмчилгээний PACE хөтөлбөрийг хэрэгжүүлж хоёрдах жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хөтөлбөрөөр уг эмчилгээг зах зээлийн үнээс 8–9 дахин хямдаар авах боломжийг бидэнд олгосон. Одоогийн байдлаар ХСҮТ-д сард 50 ширхэг эм тариаг нийлүүлж байна гэлээ.
Хэчнээн хүн эмчлүүлсэн, үр дүн нь хэр байгаа, энэ эмчилгээ үнэхээр иргэдэд хүртээмжтэй байгаа эсэх мэдээлэл, судалгаа хараахан гараагүй байна. Одоогоор өвчтөнүүд эмчилгээ үргэлжилж байгаа гэсэн мэдээлэлийг ХСҮТ-өөс мэдээллэсэн. Удахгүй судалгааны үр дүн гарахаар олон нийтэд мэдээллэнэ гэлээ.
Уг хоёр төрлийн эмчилгээг хожуу шатандаа оношлогдсон иргэдэд хийж байгаа. Энэ эмчилгээнд нэг удаа ороход тухайн хүний оношоос шалтгаалан 1,5 саяас 3 сая төгрөг зарцуулна. Уг эмчилгээг зөвхөн нэг удаа бус 21 хоног тутамд хийлгэх ёстой, хэрэв нэг жилийн хугацаанд эмчилгээ хийлгэх ёстой гэвэл жилд 17-18 удаа орох юм. Үүнд санхүүгийн хувьд ч асар өндөр ачаалал үүсэх эрсдэлтэй. Хэрэв эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн бол эдгээр эмчилгээг үнэ төлбөргүй хийлгэх юм байна. Харин зах зээлийн үнээр тун бүр нь ойролцоогоор 8000–9392 ам.доллар, буюу 20–32 сая төгрөг гэсэн үнэтэй байжээ.
Дархлаа эмчилгээ нь хорт хавдрын эсрэг биеийн дархлааг сайжруулахад тусалдаг хорт хавдрын эмчилгээний нэг төрөл юм. Хорт хавдрын эсүүд нь дархлааг дарангуйлдаг бөгөөд энэ нь дархлааны систем нь хорт хавдрын эсийг гадны түрэмгийлэгч гэж хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан болдог.
Бай эмчилгээ нь зөвхөн тухайн төрлийн хавдрын эсрэг чиглэсэн өвөрмөц эмчилгээ бөгөөд хавдрын хэмжээг багасгаж, ургалтыг саатуулдаг. Энэхүү эмчилгээ нь ихэвчлэн хожуу үе шатны хавдруудын үед ихэвчлэн хийгддэг.
Гэвч эдгээр нь хавдарыг байхгүй болгож 100 хувь эмчилнэ гэсэн үг огтоосоо биш, хавдар газар авсан тохиодолд өвчтөний амь насыг хэдэн сар торгоох л найдвар бий. Өөрөөр хэлбэл, эрт үедээ оношлогдсон бол ийм “сүүлчийн найдвар” хэрэггүй байх байсан.
Эцэст нь хэлэхэд...
Монгол хүний амийг:
- шинэ аппарат
- үнэтэй эм
- том эмнэлэг аврахгүй
Бид эмнэлгийн хаалгыг өвдсөнийхөө дараа биш, эрүүл байхдаа тогших ёстой. Өнөөдөр монголчууд хавдрыг эрт илрүүлэхийн оронд сүүлчийн шатандаа хүрч байж л эмнэлэгт хандаж байна. Тэр үед эмнэлгийн ор зүгээр нэг ор биш, амьдралынхаа сүүлчийн үнэнтэй нүүр тулах газар болж хувирдаг. Энэ нь зөвхөн хувь хүний асуудал биш, бүхэл бүтэн үндэсний аюулгүй байдалд учирч буй хор хохирол. Бидний өдөр тутмын амьдралын хэв маяг эрүүл мэнд, урт удаан амьдралын баталгаа гэдгийг сануулах гашуун үнэн билээ. Тиймээс өвчин гаарахаас өмнө эрүүл мэнддээ анхаарал тавьж, гарал үүсэл тодорхой хүнс хэрэглэж, өөх тос илчлэгийн хэмжээгээ тохируулж, алкохолоос татгалзаж, цаг алдалгүй эмнэлгийн хаалгыг тогшин, эрт оношлуулахыг уриалж байна. Амьдрал таны гарт.
Таны хариу үйлдэл юу вэ?






