АУТИЗМ ТУСГААРЛАГДАХ ӨВЧИН БИШ

АУТИЗМ ТУСГААРЛАГДАХ ӨВЧИН БИШ
Аутизм бол өвчин биш, өөрийн гэсэн ялгаатай оршихуй, ертөнцийг өөрөөр харж мэдэрч, илэрхийлдэг хүмүүсийн нэгэн төрөл. Бид өвөрмөц, онцгой байдлыг ойлгож, хүндлэх цаг ирсэн. Тиймээс нийгмийн аливаа гишүүнд хандахдаа "өөр" гэх шалтгаанаар бус, "хүн" гэдгээр нь үнэлдэг ухамсарт нийгэмд шилжих нь бидний ирээдүйн сорилт, бас боломж юм.
Дэлхийн хэмжээнд 2000 оны байдлаар 150 хүүхэд тутмын нэг нь аутизмтай байсан бол 2024 оны байдлаар 31 хүүхэд тутмын нэг нь Аутизмтай гэж оношлогдож 384% өссөн судалгаа байна. Энэхүү өсөлтөд анагаах ухааны салбарын өндөр хөгжил оношлох боломжууд нэмэгдсэн нь мөн нөлөөлж байна.
Монгол Улсад 2022 оны байдлаар 702 хүүхэд аутизмын хүрээний оноштой хэмээн бүртгэгдсэн. Гэхдээ энэ бол зөвхөн үзүүлсэн, оношлуулсан хүүхдүүдийн тоо. Харин хөдөө орон нутаг, ядуурлын төвшинд хөл нь тушигдсан, анхаарал хандуулдаггүй гэр бүлүүдийн хүүхдүүдийн талаарх мэдээлэл огт алга. Өөрөөр хэлбэл, бид харахгүй байгаа болохоос биш, тэд бидний хажууд ч байж мэдэх юм.
Монгол Улсын хуульд “аутизмтай хүүхэд ердийн сургууль, цэцэрлэгт хамрагдах эрхтэй” гэж тусгасан байдаг. Гэхдээ “эрхтэй” гэдэг нь “боломжтой” гэсэн үг биш. Олон нийт сургууль, цэцэрлэгүүд тэднийг хүлээж авахад бэлтгэгдээгүй. Тусгай сургалттай багш нар ховор, дэмжих баг бүр ч үгүй. Хэлснээ ажил хэрэг болгодоггүй системтэй бид өдийг хүрлээ. Аутизм нь хуулиар хамгаалагдсан оюуны болон сэтгэлзүйн хөгжлийн бэрхшээлтэй хүний ангилалд багтдаг. Энэ хуулиар:
- Тусгай хэрэгцээт боловсролд хамруулах
- Нийгмийн халамж, эрүүл мэндийн үйлчилгээ авах
- Ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг нь хүлээн зөвшөөрнө.
Харин Хөнгөн хэлбэрийн аутизмтай хүүхдүүд ердийн сургуульд суралцах боломжтой байдаг ч бодит амьдрал дээр тулгарч буй хүний нөөц, улс төрийн дэмжлэг, хүрээлэн буй орчны бэрхшээлээс шалтгаалж аутизмтай хүүхдүүд нийгэмших боломж хомс байсаар байна.
Харин хөгжингүй орнуудад, жишээлбэл АНУ-д, аутизмтай хүүхдүүдийг тусгай ангиудаар дэмжиж, энгийн ангид суулгах “холимог” систем амжилттай хэрэгжиж байна. Тэднийг нийгэмд тохируулах бус, нийгмийг тэдэнд тохируулахыг хичээдэг.
Хууль эрх зүйн орчинд
- · АНУ-ын IDEA хууль нь тусгай хэрэгцээтэй хүүхдийг хамгийн бага тусгаарлагдсан орчинд суралцуулахыг шаардаж, IEP боловсруулахыг хуульчилсан.
- · ADA хууль нь ялгаварлан гадуурхахыг хориглож, тэгш хүртээмжтэй орчныг шаардана.
Нийгмийн хандлага, багшийн чадавхи
- · Багш, сургалтын байгууллагууд аутизмын талаар тогтмол сургалтанд хамрагдаж, мэдлэг ур чадвараа сайжруулдаг.
- · Нийгэм аутизмыг хэвийн ялгаатай байдлын нэг хэлбэр гэж хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй ханддаг.
Эцэст нь...
Аутизмтай хүүхдийг асаргаа, зардал гэж хардаг биш, нийгмийн баялаг болгох, хөгжилд хүрэх хөрөнгө оруулалт гэдгийг төр, эцэг эх, боловсролын байгууллага, олон нийт ухамсарлах цаг аль хэдий нь иржээ.
Харин одоо зөвхөн нэг асуулт үлдлээ. Бид энэ зүг рүү хэзээ хамтдаа алхах вэ?
Таны хариу үйлдэл юу вэ?






