ХЯТАДЫН ТОРИЙН НӨӨЦ БА ТОРОЙН ХОЦРОХ МОНГОЛЧУУД

Монголдчууд бидний мөнхийн хөрш болох Хятад улс олон салбарт үсрэнгүй тэсрэлт хийж эхэлсний нэг нь яах аргагүй эрчим хүчний салбар байлаа. Сүүлийн хэд хоногийн турш дэлхийн голлох хэвлэлүүдийн онцлох сэдэв болоод байгаа Хятадын торийн нөөцийн талаар бид ер нь ямар мэдээлэлтэй байна вэ? Хойд хөршөөрөө эрчим хүчний бодлогоо тодорхойлуулж, 21-р зуунд ч лаатайгаа суугаа бидэнд Хятадын торийн нөөц боломж авчрах уу, бэрхшээл үүсгэх үү гэдэг асуултын тэмдэг хэвээр байна.
Шинэ нөөцийн тухайд
Хятад улс торийн эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр томоохон ахиц гаргаж байна. Саяхан Хятадын Үндэсний Цөмийн Аюулгүй Байдлын Захиргаа Шанхайн Хэрэглээний Физикийн Хүрээлэнд (SINAP) TMSR-LF1 нэртэй, 2 МВт-ын хүчин чадалтай хайлмал давсны туршилтын реакторыг ажиллуулах зөвшөөрөл олгожээ.
Энэхүү реактор нь 2021 оны наймдугаар сард баригдаж дууссан бөгөөд 2023 оны зургадугаар сард 10 жилийн үйл ажиллагааны лицензээ авсан. Энэ нь Хятадын торийн нөөцийг ашиглах стратегийн нэг хэсэг юм. Тус улсын торийн нөөцийн талаар нарийвчилсан мэдээлэл ил тод бус ч эрчим хүчний хэрэгцээгээ 60,000 гаруй жил хангахуйц их хэмжээтэй гэж тооцоолж байна.
TMSR-LF1 реактор 2023 оны аравдугаар сарын 11-нд анх удаа бүрэн хүчин чадлаар ажиллаж, 2024 оны зургадугаар сарын 17-нд 2 МВт хүчин чадлаараа тогтвортой ажиллаж эхэлжээ. Мөн 2024 оны аравдугаар сарын 8-нд 10 хоногийн турш торийн түлшийг хайлмал давсанд бүрэн хүчин чадлаар туршиж, үр дүнд нь протактиниум-233 илэрсэн байна. Энэ нь цөмийн үржүүлэлтийн амжилтыг баталгаажуулсан чухал үйл явдал болсон юм.
Торийн суурьтай хайлмал давсны реактор нь уламжлалт усан хөргөлттэй реакторуудаас олон давуу талтай. Тухайлбал, илүү өндөр температурт ажиллах боломжтой тул цахилгаан үйлдвэрлэх үр ашиг нь нэмэгддэг. Мөн ослын үед өөрөө хөргөх чадвартай байдаг нь аюулгүй ажиллагааг сайжруулдаг.
Хятад улс энэ технологийг цаашид хөгжүүлж, томоохон арилжааны реакторуудыг барихаар төлөвлөж байна. Энэ нь эрчим хүчний хангамжийг тогтвортой болгохоос гадна нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулах юм.
Монголд ямар нөлөөтэй вэ
Гэвч Хятадын торийн эрчим хүчний хөгжил Монгол Улсад эерэг гэхээсээ илүүтэй сөрөг үр дагавар авчрах магадлал маш өндөр байна. Тухайлбал, Хятад улс энэ төрлийн эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн хэрээр бидний олон жилийн турш улиг болтол ярьсан эрчим хүч экспортлогч орон болох дэврүүн мөрөөдөл жинхэнэ утгаараа салхинд хийсч, салааны завсраар урссан элс болох нь тодорхой.
Бүр цаашилбал, Хятадын цөмийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр нөгөө талдаа цөмийн хог хаягдлын асуудал урган гарч, байгаль орчны эрсдэл үүсэхийг үгүйсгэх аргагүй. Энэ бол Хятад улстай хамгийн урт буюу 4,677 км хил залгадаг Монгол орны хувьд зайлшгүй бодож төлөвлөж, эрсдэлийн стратегитэй байх ёстой асуудал мөнөөсөө мөн билээ. Хэдхэн жишээ дурдахад л ийм байна. Тиймээс нүүрсээ зараад, татвараа нэмчихээр л хүлэг улс болчих юм шиг санаж яваа төрийн эрх барих дээд шатны албан тушаалтнууд одооноос нэгийг бодож хоёрыг тунгааж байх хэрэгтэй гэдгийг энэхүү богино нийтлэлээрээ мөн сануулахыг хүслээ.
Таны хариу үйлдэл юу вэ?






