МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ: ТОО ӨСӨВЧ ЧАНАР ДУТУУ

2025 оны эхний найман сарын байдлаар Монгол Улс 600,699 гадаад жуулчин хүлээн авсан нь статистикийн хувьд түүхэн амжилт боллоо. Хятад, ОХУ, БНСУ-ын жуулчид зонхилсон нь манай улсын аялал жуулчлалын гол зах зээлийг тодорхойлж байна. Гэвч энэ өсөлтийн цаана чанарын гүнзгий асуудлууд хуримтлагдсан хэвээр.
Соёлын яам жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн төсөв зарцуулж, олон улсын үзэсгэлэн, сурталчилгааны кампанит ажилд оролцож байгаа ч жуулчдад зориулсан дэд бүтцийн бодит сайжруулалт төдийлөн мэдэгдэхгүй байна. Аялагчдад тулгарч буй асуудлууд бол нүхэн жорлон, хог хаягдал, стандарт бус үйлчилгээ, зам тээврийн хүндрэл, аюулгүй байдал.
Бодит амьдрал дээр ямар байна вэ?
Жуулчдын өсөлттэй зэрэгцэн аюулгүй байдлын асуудал улам тодорч байна. Монголчууд бид нар шиг амь насандаа хайнга ханддаггүй болохоор жуулчдынхаа аюулгүй байдлыг хангана гэдэг бидний хувьд нэн тэргүүний асуудал юм. Орчин үед сошиал медиа хурдацтай хөгжсөний ачаар Монголыг сонирхох жуулчдын тоо нэмэгдэж байгаа ч энэ бол давхар иртэй хутга гэдгийг санах хэрэгтэй юм. Хэрэв Монгол Улс жуулчдад ээлгүй орон гэх имиж гарч ирвэл жилдээ дөрвөн сая жуулчин хүлээн авах бидний алсын зорилго салхинд туугдсан үүл мэт замхран алга болох буй за.
Жишээлбэл, дөнгөж саяхан Хоргын тогоо орчимд Өмнөд Солонгосын жуулчин унаж амь насаа алдсан нь Монгол Улс жуулчдынхаа аюулгүй байдлыг хангаж чадаж байна уу гэсэн хүнд асуултыг тавьж байна. Байгалийн үзэсгэлэнт газруудад хамгаалалтын хашаа, анхааруулах тэмдэг хангалтгүй, аяллын компаниудын хариуцлага сул байгаа нь ноцтой эрсдэл дагуулж мэдэхээр байгаа. Өөрөөр хэлбэл, нэгдсэн зохион байгуулалт, бодлого хэрэгжихгүй байснаар ганцхан компанийн алдаа бүтэн салбарыг татан унагаах энүүхэнд байгааг ойлгох хэрэгтэй юм.
1 сая жуулчинд хүрэхийн тулд
Засгийн газар 2028 он гэхэд 2 сая жуулчин татах зорилт тавьсан. Гэвч энэ зорилго зөвхөн сурталчилгааны аян, үзэсгэлэн яармагаар биелэхгүй. Үүнд:
- Ариун цэврийн байгууламж: Нүхэн жорлонгоос салах, олон улсын стандартад нийцсэн шийдэл бий болгох.
- Хог хаягдлын менежмент: Байгаль орчныг хамгаалах бодит систем хэрэгтэй.
- Зам, дэд бүтэц: Аяллын гол чиглэлүүдэд чанартай зам, тэмдэг тэмдэглэгээ, хамгаалалтын байгууламж байгуулах.
- Аюулгүй байдал: Хамгаалалтын хашаа, эрсдэлийн үнэлгээ, онцгой байдлын шуурхай тусламжийн тогтолцоог сайжруулах.
- Орлого хуваарилалт: Жуулчлалаас олсон орлогыг тухайн бүс нутгийн дэд бүтцэд буцаан зарцуулах.
Монгол Улсын аялал жуулчлал тоон үзүүлэлтээр өсөж байгаа ч чанарын хувьд олон сорилттой тулгарч байна. 600 мянган жуулчин хүлээн авлаа гэдэг бахархах үзүүлэлт байж болох ч нүхэн жорлон, хог новш, замын хүндрэл, аюулгүй байдлын асуудлаа шийдээгүй цагт 1 сая жуулчин татах тухай зорилт хоосон уриа хэвээр үлдэх эрсдэлтэй. Нэг сая жуулчин хүлээн авсан ч эргэн ирэх жуулчдын тоо хэд байх гэдэг нь аялал жуулчлалын салбарын хөгжлийн чанарт тодорхой дүн тавих болов уу.
Эцэст нь хэлэхэд, Эдийн засгийн олон талт байдлыг хангах, Монголын байгалийн өвийг хадгалах, жуулчдын аюулгүй байдлыг хамгаалах гэсэн гурван тулгуур дээр л манай аялал жуулчлалын ирээдүйн бодит амжилт тогтох болно.
Таны хариу үйлдэл юу вэ?






