ТЭД ГҮЙЖ, БИД МӨЛХӨЖ БАЙНА
Дэлхий дахин коксжих нүүрсгүй гангийн эринд шилжиж эхэллээ, харин бид нүүрсний экспортоос бараг 90 хувь хамаарсан өөдрөг төсвөө баталсаар сууна. Эрх мэдлийн төлөөх бүлэлглэлийн дайн эд өрнөж буй энэ үед НОВА.мн сайт нүүрсэнд түшиглэсэн ирээдүйг онцолж байна.

Дэлхийн “ногоон шилжилт”-ийн шинэ эринд нэвтэрч байна. Швед, Герман зэрэг улс ган үйлдвэрлэлдээ нүүрсийг халж, ус төрөгчөөр ган хайлуулах технологид амжилттай шилжжээ. Үүнийгээ бахархалтайгаар ч зарлаж байна. Энэ нь нөгөө талдаа ган үйлдвэрлэлээс ялгардаг нүүрсхүчлийн хэмжээг даруй 90 гаруй хувиар бууруулах бодит шийдэл болж, олон улсын шинэ стандарт болон нэвтэрч эхлэв.
Бүр цаашилбал, Монголын коксжих нүүрсний хамгийн том худалдан авагч болох Хятад улс хүртэл 2023 онд анхны "ногоон ган" үйлдвэрлэлээ туршсан нь анхаарал татах дохио. Гэвч бид энэ талаар ган хийхгүй, хөнжил дотроо хөлөө жийлцэж сууна.
Монголын эдийн засагт нүүрлэж буй чимээгүй эрсдэл
Монгол Улс төсвийн орлогын 60 орчим хувийг нүүрсний экспортоос бүрдүүлж байна. Нүүрсний үнэ өсвөл баярлаж, унавал уйлдаг л ажилтай болсон. Товчхондоо, бид дэлхийн гангийн хэрэглээний өөрчлөлтөд онцгой мэдрэмтгий, эмзэг болсон. Гэсэн ч төр засаг, шийдвэр гаргагчид эдийн засгаа олон тулгуурт болгох бодит реформ хийхээс зайлсхийсээр байгаа нь өнөөдрийн хамгийн том асуудал болсоор байна.
Энэ хойрго байдал нь цаад утгаараа улс төрийн сонирхолтой шууд холбоотой.
- Нүүрсний экспортын бүртгэлгүй урсгал, ачааны машин бүрт “нус нааж” 20 сая, 2 саяын зөрүүг ч мэдэхээ байтлаа баяжсан олон улстөрч төрийн эрх мэдлийг атгасан хэвээр байна. (2023 онд УИХ-ын байгуулсан Нүүрсний сонсголын ажлын хэсгийн дүгнэлтээр 2013–2022 оны хооронд нийт 6.6 их наяд төгрөгийн нүүрсний экспортоос үүссэн орлого бүртгэлгүй замаар орсон байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь тухайн хугацаанд Монгол Улсын нийт жилийн төсвийн 20–30 хувийг илэрхийлэх хэмжээ юм.)
- Нүүрсний сонсголын үеэр олон нэр дурдагдаж, улсаас хулгай хийсэн нь нотлогдсон ч өнөөдөр хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Харин хууль бус мөнгө халаасалдаг хүмүүсийн нэрс л өөрчлөгдөв. (Тавантолгойн нүүрсийг БНХАУ руу экспортлох үеэр нэг тонн тутамд 30–80 ам.долларын ханшийн зөрүүг замаас нь хувьдаа авсан тохиолдлууд олон удаа илэрсэн ч, прокурорын байгууллагаас өндөр түвшний эрх мэдэлтнүүдэд ял төлөвлөөгүй хэвээр байна.)
- Амьдралаас тасарсан тэдгээр хүмүүс иргэдээсээ холдсон мөрөөдлийн төсөв баталж, нүүрсний ханшийн алдагдлаа ажилчин ангийн нуруун дээр тохчихоод жишим ч үгүй суугаа. (2025 оны улсын нэгдсэн төсвийг 29.1 их наяд төгрөгөөр баталсан ч, Сангийн яамны тооцоогоор коксжих нүүрсний ханш буурснаас шалтгаалан 2024 оны төгсгөл гэхэд ойролцоогоор 2.5 их наядын төсвийн алдагдал үүссэн нь 2025 оны төсөвт шууд дарамт үүсгэж байна.)
Гэхдээ бид оройтоогүй
Нүүрсгүй гангийн эрин үе дэлхийн түүхий эдийн зах зээлийн ханшид нөлөөлөхүйц хэмжээнд хүрэхээс урьтаж буюу эрдэмтэн судлаачдын тооцооллоор 2030 оноос урьтаж эдийн засгийн реформоо хийх зайлшгүй шаардлага бий. Тухайлбал:
- Алагчлалгүй хариуцлагын тогтолцоо: Улсаасаа хулгай хийсэн хэн ч байсан хуулийн өмнө хариуцлага хүлээдэг шинэ системийг бий болгох. Хуулийн дээр ямар ч эрх мэдэлтэн байх ёсгүй. Энэ ч утгаараа хууль дагах ёсыг бүх нийтээр дээшлүүлэх.
- Төрийг бизнесээс салгаж, бизнесийг хувийн хэвшилд нь үлдээх: Төр өөрөө экспортлогч биш, боломж нээж, хувийн хэвшилд зам тавигч байх ёстой. Тиймээс төрийн өмчийн мэдэлд буй компаниудын хувь эзэмшлийг яаралтай бууруулж, бизнесийн салбарын менежментэд шилжүүлэх.
- Татварын оновчтой тогтолцоо, орлого багатай бизнес, хувь хүмүүсийн амьдралыг сүйрүүлж буй дарангуйллын шинж чанартай татварын тогтолцоог халж, орлогын хэмжээтэй уялдсан уян хатан татварын бодлого хэрэгжүүлэх.
- Ажлын байр нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх: Ноолуур, мах, сүү, логистик, программ хангамжийн салбарт бодит дэмжлэг үзүүлж эхлэх. Нэн ялангуяа, дотоодын үйлдвэрлэлийг унагаахуйц, импортыг өөгшүүлсэн тарифын бодлогыг нэн яаралтай халж, бизнес эрхлэх таатай дэд бүтцийг хөгжүүлэх.
- Нүүрсний орлогыг хуримтлуулж, ирээдүйн ногоон шилжилтэд бэлтгэх тусгай сан байгуулах. Цаашлаад, Нийгмийн даатгалын шимтгэлээр тэтгэврийг санхүүжүүлдэг бус хувийн тэтгэврийн данс нэвтрүүлж татвар төлөгч иргэн бүр нийгмийн даатгалаа хуримтлал байдлаар эзэмших эрх зүйн орчинг бий болгох.
Энэ бол хийж болох хамгийн анхан шатны бөгөөд тулгуур үндсэн шийдлүүд юм. Бүр цаашилбал, олон оновчтой шийдлүүдийг хийх боломжууд бидэнд бий. Чухам улс төрийн зориг болоод иргэдийн нэгдмэл хяналт шаардлага гэдэг зүйл л ус агаар мэт хэрэгтэй. Улсынхаа, үр хүүхдийнхээ ирээдүйг таван килограм махаар худалдчихдаггүй үнэт зүйлээ эрхэмлэсэн нийгмийг бид бүтээх ёстой. Магад энэ бүхэн үлгэр мэт сонсогдовч хийж болохгүй зүйл огтоос биш. Олон улс орон өнөөдөр чанартай боловсролын тогтолцоогоороо авлига, хээл хахуулийг ялан гарч, хөгжлийн шинэ түвшинд хүрч чадаж байна. Бид харин харж суух бус хийж бүтээх ёстой гэдгийг хүн бүр дорноо ойлгох хэрэгтэй. Магад үүний хамгийн эхний алхам нь мөнгөөр саналаа худалддаггүй болохоос эхлэх болов уу.
Таны хариу үйлдэл юу вэ?






