ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ИРЭЭДҮЙГ БҮДГЭРҮҮЛЖ БАЙНА

10-р сар 1, 2025 - 10:46
10-р сар 1, 2025 - 10:46
 0
ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ИРЭЭДҮЙГ БҮДГЭРҮҮЛЖ БАЙНА

Монгол Улс олон улсын хөрөнгө оруулалтыг татах талаар олон жилийн турш яригдаж ирсэн ч бодит байдал дээр бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын итгэл сул хэвээр байна. Өмнө нь ч бизнесийн салбарын төлөөллүүд “Монголд хууль тогтоомж тогтворгүй, төрийн шийдвэр тогтмол өөрчлөгддөг, орон нутгийн удирдлагууд дэмждэггүй” гэх асуудлыг давтамжтайгаар хөндөж байсан.

Тухайлбал, сүүлийн таван жилд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ жилд дунджаар 2 тэрбум ам.доллараас доош хэлбэлзэж, өмнөх 2011 оны оргил үеийнхээс (4.5 тэрбум ам.доллар) хоёр дахин бага түвшинд байгаа нь анхаарал татаж байна. Бизнес эрхлэгчид “төрийн бодлого тогтворгүйгээс болж урт хугацааны төлөвлөгөө хийхэд хүндрэлтэй” гэж ил тод хэлжээ. Мөн хөрөнгө оруулагчид “та нар хууль гаргасныхаа дараа дахиад өөрчлөөд, үйл ажиллагааг маань зогсоох юм биш биз” гэсэн болгоомжлолыг илэрхийлсээр байна. 

УИХ-аар оруулах гэж буй “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль” нь энэ нөхцөл байдлыг өөрчлөх гол алхам болно гэж Засгийн газар амлаж байгаа ч бизнесийнхэн “хууль батлагдлаа гээд төрийн соёл өөрчлөгдөхгүй бол итгэл бүрдэхгүй” хэмээн хүлээж байна. Иймээс ойрын жилүүдэд Монголын эдийн засагт хамгийн чухал зүйл нь шинэ хөрөнгө татахаас илүүтэй тогтвортой, ойлгомжтой бодлогыг хэрэгжүүлэхэд оршиж байна.

Үндсэндээ, маш тэнэг хүн эсвэл улс төрд маш гүн холбоо сүлбээтэй хөрөнгө оруулагч л Монголын бизнесийн орчинг сонирхоно гэхээс бус энгийн хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улс бол цэвэр эрсдэл юм. Хууль тогтоомж, эрх зүйн орчин, татварын бодлогоос эхлээд улстөрчдийн хувийн ашиг сонирхлыг давах тэнхэл өнөөгийн хөрөнгө оруулагчдад маш ховор юм. Атал өмнөд хөрш маань бидний алдсан боломжийг чулуу болгож чадсан улс. Товчхондоо, гадаадын хөрөнгө оруулалтыг тултал нь ашиглаж, өндөр түвшний техник, технологийн нөү хауг нутагшуулж чадснаар хөгжлийн олон шат дамжлагыг алгасан дэвшсэнийг бид нүдээрээ харсан билээ. Энэ ч утгаараа гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд хийгдэх хамгийн эхний ажил бол төрийн ил тод байдал, хязгаарлагдмал оролцоо байх нь баараггүй юм.

Таны хариу үйлдэл юу вэ?

Таалагдлаа Таалагдлаа 0
Таалагдахгүй Таалагдахгүй 0
Хайр Хайр 0
Хөгжилтэй Хөгжилтэй 0
Ууртай Ууртай 0
Гунигтай Гунигтай 0
Гайхалтай Гайхалтай 0