Удамшлын өвчний эсрэг шинэ хандлага

7-р сар 22, 2025 - 16:30
 0
Удамшлын өвчний эсрэг шинэ хандлага

Их Британид митохондрийн донорын эмчилгээний аргаар эцэг эхийнхээ генийн материалаас гадна гуравдагч хүн болох донорын ДНХ бүхий найман хүүхэд мэндэлжээ.

Эд эсүүдийг эрчим хүчээр хангах үүрэг бүхий эсийн бүтцийн нэг хэсэг болох митохондрийн мутациас үүдэлтэй удамшлын хүнд хэлбэрийн өвчнөөс сэргийлэх зорилгоор энэхүү аргыг боловсруулсан байна. Энэ арга нь ийм өвчнийг дамжуулах өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдэд эрүүл эмэгтэйн митохондрийг ашиглан эрүүл хүүхэд төрүүлэх боломжийг олгох юм. Гэмтэлтэй митохондриуд нь зөвхөн эхийн генээр дамждаг тул зөвхөн эмэгтэй доноруудын ДНХ-г ашигладаг ажээ. 

Тодруулбал, нөхөн үржихүйн эмч нар гэмтсэн митохондри бүхий өндгөн эсээс генийн материал бүхий цөмийг гаргаж аваад, өмнө нь цөмийг нь гаргаж авсан, эрүүл донор эмэгтэйн өндгөн эсэд шилжүүлэн суулгана. Ингэснээр уг өвчнийг тээж буй мутацлагдсан генүүд эхийн анхны өндгөн эсэд үлдэж, өвчин удамшихаас сэргийлдэг байна. 

Энэхүү эмчилгээнд оролцсон 22 эмэгтэйгээс долоо нь жирэмсэлж, нийт найман хүүхэд (дөрвөн охин, дөрвөн хүү-хоёр нь ихэр) төрүүлсэн байна. Таван хүүхдэд өвчний шинж тэмдэг илрээгүй бол гуравт нь мутацид орсон митохондрийн багахан хувь илэрчээ. Бүх хүүхэд эмчийн хяналтад байгаа аж.

ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 18 /Sky News/. 

Таны хариу үйлдэл юу вэ?

Таалагдлаа Таалагдлаа 0
Таалагдахгүй Таалагдахгүй 0
Хайр Хайр 0
Хөгжилтэй Хөгжилтэй 0
Ууртай Ууртай 0
Гунигтай Гунигтай 0
Гайхалтай Гайхалтай 0