Монгол Улс донтогсдоо шоронгийн тороор эмчилж байна

8-р сар 12, 2025 - 09:39
8-р сар 11, 2025 - 20:48
 0
Монгол Улс донтогсдоо шоронгийн тороор эмчилж байна

Өнөөдөр Монголын шоронгийн ханаар түүхий бодисын үнэр сэнгэнэж, нэг грамм мөснөөс болж амьдрал сүйдэж, төрийн төмөр нүүрэн дор донтогсод тоо биш, зүгээр л ялтан болж хувирч байна. Үйлчлэлгүй, дутуу ойлголтоор боловсруулсан хууль, хатуу шийтгэл, эмчилгээгүй хориход тулгуурласан систем нь хүний эрх, нийгмийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж буйг илэрхийлнэ. Монголын өнөөгийн хар тамхитай тэмцэх арга барил нь асуудлыг шийдэхээсээ илүү гүнзгийрүүлж, дахин давтагдах гэмт хэрэг, сэтгэл зүйн өвчлөлийг үүсгэж, залуусын ирээдүйг үгүй хийж байна. Бодлого гэж нэрлэж буй энэ алдааг засахгүйгээр бид хэзээ ч энэ гашуун мөсний аюулаас ангижрахгүй, харин ч өдөр ирэх тусам нийгмээ сүйтгэсээр л байх болно.

Энэ төрлийн сэтгэцэд нөлөөтэй бодистой холбоотой хэрэг 2020 онд 159, 2021 онд 187, 2022 онд 230, 2023 онд 238, 2024 онд 405, 2025 оны эхний долоон сарын байдлаар 124 тус тус бүртгэгдсэн аж.

Хэрэгт холбогдсон хүмүүсийн 92.3 хувь нь 35-аас доош насныхан бөгөөд 91 хувь нь эрэгтэй, 8.9 хувь нь эмэгтэй байна. Мөн 2025 оны долдугаар сард засгийн газрын хуралдаанаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг чангатгах шийдвэр гаргасан.

Долдугаар сарын 25-26-ныг шилжих шөнө Цагдаагийн Ерөнхий Газраас мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих үйл ажиллагаа нэртэй түрэмгийлэл явуулсан. Улмаар, шөнийн цэнгээний газарт нийт 560 иргэнийг шалгаж, 14 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсныг шээсний шинжилгээгээр тогтоожээ. Тэдгээр иргэдийн 11 нь Монгол, хоёр нь Бүгд Найрамдах Нигери улсын иргэн, нэг нь Украин улсын иргэн байжээ. Мөн хоёр иргэн 1.1 грамм мансууруулах эм биедээ авч явж байсныг хураан авсан байна. Харин 26-27-ныг шилжих шөнө явуулсан үйл ажиллагааны үеэр, нийт 483 иргэнээс есөн иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байсныг мөн адил шээсний шинжилгээгээр тогтоожээ. Тэдгээр иргэдийн найм нь Монгол улсын иргэн, нэг нь Турк улсын иргэн байсан байна.

Эдгээр тоо баримтууд нь хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ Монголд хэрхэн тархаж байгааг харуулж байна. Засгийн газар болон хууль сахиулах байгууллагуудын зүгээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хуулиа чангалах гэхээс илүүтэй бодлогын шинэчлэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байна. 

Хар тамхи гэж юуг хэлэх вэ?

Гарал үүсэлээрээ хар тамхи гурван төрөлд хуваагдана. Эхнийх нь байгалийн гаралтай буюу ургамлаас шууд авсан опиум, морфин, каннабис зэрэг бодисууд. Энэ төрөл нь хүн төрөлхтөнтэй аль эртнээс танилцаж, амьжиргааны төрөл бүрийн нөхцөлд хэрэглэгдэж ирсэн. Харин хоёр дахь нь химийн буюу лабораторид бүтээсэн метамфетамин, экстази, LSD, фентанил зэрэг хүний гар аргаар үүсгэсэн, хүчтэй донтуулагч бодисууд. Эдгээр нь хяналтгүй хэрэглээ, үйлдвэрлэлтэй болсноор дэлхий даяар эрсдэл дагуулсан шинэ сорилт болж буй. Гурав дахь нь холимог буюу байгалийн гаралтай бодисыг химийн аргаар боловсруулсан буюу кокаин, героин гэх мэт.

Эндээс нэг зүйлийг тодорхой ойлгох хэрэгтэй. Хар тамхи гэдэг нь ганц бодис биш, харин хүний тархи, сэтгэл зүйд өөр өөр төрлийн, өөр өөр хүчтэй нөлөө үзүүлэх бодисуудын цогц ойлголт юм. Тэгэхээр бодлого боловсруулагчид болон хууль хэрэгжүүлэгчид эдгээрийн ялгааг мэдэхгүй, буруу хольж хутгаж байгаагаас Монголын хар тамхитай тэмцэх систем хамгийн эмгэнэлтэй байдлаар уналтанд ороод байна.

Тэгвэл их бага гэлтгүй хэрэглэсэн л бол гэмт хэрэг үү?

Монгол Улс энэ асуултад эргэлзээгүйгээр “тийм” гэж хариулна. Тэр хүн анх удаа туршиж үзсэн бай, сэтгэл зүйн хүнд нөхцөлд орсон бай, бидэнд хамаагүй. Шүүх, цагдаа, хорих байгууллага “мансуурсан бол гэмт хэрэгтэн” гэсэн ганцхан шугам дээр ажиллаж ирлээ. Гэтэл энэ бодлогын ард хүний амьдрал, сэтгэл зүй, эрүүл мэнд, цаашлаад улс орны ирээдүй гэдэг зүйл нурж унасаар байна.

Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон хүн багадаа торгуулийн ял, эсвэл гурав хүртэл жилийн хорих ял авах бол томоохон хэмжээний үйлдвэрлэл, худалдаа, бүлэглэлтэй холбоотой хэрэгт долоогоос дээш жилийн хорих ял ногдуулдаг. Хүнд болон маш хүнд гэмт хэрэгт 15 хүртэлх жил хүртэл хорих ял оноох бөгөөд ял шийтгэл нь торгуулиас эхлээд эд хөрөнгийн хураалт, эрх хязгаарлалтыг хамардаг. Гэвч Монголын хатуу хуулийн хэрэгжилт нь шоронгийн ачааллыг нэмэгдүүлж, дахин гэмт хэрэг үйлдэх эрсдлийг өсгөж, асуудлыг шийдэхээс илүүтэй хүнлэг бус, үр дүнгүй тогтолцоо үүсгээд байна гэж шүүмжлэгддэг.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4.1.1-т "Эмчилгээ, шинжилгээ, судалгааны зорилгоор эрүүл мэндийн болон эрдэм шинжилгээний байгууллага хэрэглэх боломжтой" гэж тусгасан байдаг.

Харин хар тамхи, мансууруулах бодисыг нэр бүхий дарга нарын хүүхдүүд хууль бусаар хэрэглэж, ялаас мултарч хил даван, хэрэг намжсаны дараа эх орондоо ирдэг бодит кейс нэгээр дуусахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүү, Эрүүл мэндийн сайд асан Т.Болдбаатарын охин, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын зээ хүү, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын хүү, ИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү болон ТЕГ-т ажиллаж байсан А гэхчлэн. Энэ мэтчилэн улстөрчид, бизнесменүүдийн хүүхдүүдтэй холбоотой асуудал хууль, шүүх дээр очдог ч төр төмөр нүүрээ хэзээ ч харуулж, хорьж цагдахгүй. Харин ч өршөөлөөр суллаж цагаатгах жишээний.

Түүнчлэн Монголд хар тамхи хэрэглэсэн үед эмчлэх эмчилгээний стандарт, эмнэлэг байхгүй. СЭМҮТ зөвхөн хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үеийн хор тайлах эмчилгээг хийдэг. Эсвэл шорон.

Хор хөнөөл

Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх нь хүний эрхтэн тогтолцоог ахин сэргээхгүйгээр үхжүүлдэг байна. Мөн тархинд гэмтэл үүсгэж оюуны чадамжийг ч алдагдуулдаг юм. Өөрөөр хэлбэл, хар тамхи хэрэглэсэн хүн насан туршдаа дотор эрхтний гэмтэл болон тархины үйл ажиллагааны дутагдалтай амьдарна гэсэн үг. Тиймээс эрүүл мэндээрээ хохирохгүй байхад иргэд анхаарах хэрэгтэй юм. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүний шинж тэмдгийн хувьд нүдний хүүхэн хараа томрох эсвэл жижгэрэх, нүд улайх мөн нойр болон хоолны дуршил өөрчлөгдөх, орчноос өөрийгөө тусгаарлах зэргээр илэрдэг байна.  

Сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодисын талаарх ойлголтууд ч улс орнуудад өөрчлөгдсөөр байна. Тухайлбал, япон улсад хар тамхи хэрэглэсэн хүнийг барьж хорихоос илүүтэйгээр эмчилгээний аргыг нэвтрүүлж эхэлсэн байна. Харин манай улсад одоогоор хар тамхи, мансууруулах бодистой холбоотойгоор эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг буюу хорих ялаар шийтгэх, торгох, зорчих эрхийг хязгаарладаг юм.

Дэлхийн хандлага: Эрүүгийн хуулиар биш, эрүүл мэндийн бодлогоор шийдэж байна

Португал – 2001 онд “бүх төрлийн хэрэглээ бол гэмт хэрэг биш” гэж зарласан. Харин хэрэглэгчийг "эмчлүүлэх ёстой иргэн" гэж үзсэн. Үр дүнд нь ХДХВ-ийн халдвар 90%-аар буурсан, хэрэглэгчдийн тоо тогтворжсон. Шорон дүүрэхээ больсон.

Канад – Марихуаныг бүрэн хуульчилж, төрөөс хяналттай борлуулалт хийдэг болсон. Иргэд нь хаанаас, ямар чанартай зүйл авч байгаагаа мэддэг болж, хууль бус наймаачид зах зээлээс шахагдсан.

АНУ – 50 жил үргэлжилсэн “хар тамхитай дайн” өнөөдөр цуцлагдаж байна. Учир нь хорих бодлого үр дүн өгөөгүйг тэд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Одоо олон мужид хэрэглэгчид эмнэлэг, сэтгэл заслын төвөөр үйлчлүүлж байна.

Нидерланд – “Зөөлөн бодис”-ын хэрэглээг хянаж, зөвшөөрч, хүчтэй бодисын эсрэг л тэмцэж байна. Coffee shop-д 5 грамм марихуана авах нь гэмт хэрэг биш, харин зохицуулалт. Тэнд ч бас хэрэглээ тогтворжсон.

Харин Монголд?

Хэн ч “яагаад хэрэглэсэн юм бол?”, “эмчилгээний ямар гарц байна?” гэдэг асуултыг тавихгүй. Бидэнд зөвхөн нэг л хариулт бий “ял өг!”

Манай улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, үр дагаврын талаарх мэдээлэл хомс байна. Үүнээс гадна хар, тамхи, мансууруулах бодисод өсвөр насныхан, залуучууд холбогдох нь их байна. Тиймээс эцэг, эхчүүд энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдээлэлтэй байж өсвөр насны хүүхдэдээ анхаарал хандуулах хэрэгтэй юм. Мөн иргэд хилийн чанадад зорчихдоо бусдаас дайвар эд, зүйл, ачаа тээш, авахаас татгалзах хэрэгтэй. Хэрэв таны авч яваа ачаа, тээшнээс хар тамхи, мансууруулах бодис, хориглосон эм, бэлдмэл илэрсэн тохиолдолд хуулийн хариуцлагыг хүлээх юм.

Тэгвэл бидэнд бодлогын ямар өөрчлөлт хэрэгтэй вэ?

Гэмт хэрэгтэн гэж яллхаасаа илүү, эмчлэгдэх шаардлагатай иргэн гэж хүлээн зөвшөөр
Эмчилгээг сонголт биш, зайлшгүй алхам болго.

"Диссуазив зөвлөл" байгуулах, эмч, сэтгэл судлаач, хуульч хамтарсан зөвлөх бүтэц
Хэрэглэгчид тусалж, зөв замд оруулах бүтэц хэрэгтэй.

Боловсролын системд хар тамхины тухай бодит сургалт нэвтрүүл
Сүрдүүлж айлгах биш, ойлгуулах боловсрол өг.

Марихуана болон бусад бодисыг эрсдэлээр нь ангилж хандах
Хөнгөн, анагаахын зориулалттай бодисыг судалгаанд оруулах цаг болсон.

Төр бодлоготой байж чадахгүй бол, хэрэглээ өссөөр л байх болно

 

Хар тамхитай тэмцэх нэрээр хүний эрх зөрчигдөж байна

2025 он, Улаанбаатар хот. Баар, шөнийн цэнгээний газруудаар хийсэн гэнэтийн шалгалтаар олон арван иргэнээс шээсний шинжилгээ авах нэрийдлээр бие махбодод нь шууд халдаж, “хар тамхины хэрэглэгч эсэх”-ийг тогтоох ажиллагаа явагдав. Гэтэл энэ бүхэн үнэхээр хууль ёсны байсан уу? Үнэндээ хар тамхитай тэмцэх нэрээр иргэний хувийн халдашгүй эрх, нэр төр, хүний эрхийн олон улсын стандартууд бүрэн зөрчигдөж эхэлсэн нь өөрөө ноцтой зөрчил юм.

Хууль хүчний байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Гэхдээ гэмт хэрэг үйлдээгүй, ямар нэгэн шалтгаангүйгээр тухайн орчинд байсан гэдэг үндэслэлээр иргэнийг "сэжиглэж", албадан шинжилгээ авна гэдэг нь өөрөө төрийн түрэмгийлэл.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.13-т зааснаар: “Хүний нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална.” Гэтэл хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн зөвшөөрөлтэй, эсвэл шүүх, прокурорын хяналтан дор хийгддэг тогтолцоог зөрчиж, гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй иргэдийн биед халдаж, шинжилгээ авч байгаа нь хууль бус үйлдэл мөн.

НҮБ-ын хандлага: Тэд бол гэмт хэрэгтэн биш, тусламж хэрэгтэй хүмүүс

НҮБ-ын Хар тамхины тухай бодлого 2020 оноос хойш хэрэглэгчдийг яллахаас илүүтэйгээр эмчилгээ, нийгмийн дэмжлэг, сэтгэл зүйн тусламжийг түлхүү санал болгох чиглэлд өөрчлөгдсөн. Өндөр хөгжилтэй орнуудад ч хэрэглэгчийг “шоронд хийх” бус, “эрүүл мэндийн системээр шүүж, эмчлэх” бодлогыг илүүд үздэг болсон.

Харин Монгол Улсад:

  • ил тод шившиглэх,
  • гудамжнаас барих,
  • шээс авахаар албадах,
  • хэвлэлээр нэр устай нь цацах гэсэн дорд бүдүүлэг аргаар хандаж байна. Энэ бол орчин цагийн хууль ёсны ардчилсан төрийн үйлдэл биш.

 

Эрүүгийн хуулийн дор хэрэглэгчдийг шууд яллаж, торгож, шоронд хийх бодлого нь өнөөдөр үр дүнгүй гэдгээ дэлхий даяар баталчихсан. Гэтэл Монголд:

  • Эмчилгээний төв хүрэлцээгүй
  • Урьдчилан сэргийлэх сургалт дутмаг
  • Сэтгэлзүйч, сэтгэл заслын тогтолцоо сул
  • Эрүүл мэндийн салбарын оролцоо бараг байхгүй
  • Харин шорон, шалгалт, сүрдүүлэг л их байна

Өнөөдөр Монгол Улс хар тамхины эсрэг “бодлого” нэртэй шийтгэлийн системээр нийгмийн сулхан давхаргыг яллаж, донтогчдыг гэмт хэрэгтэн болгож, хүнд өвчнийг шоронгийн тороор эмчлэх гэж оролдож байна. Гэвч энэ нь зөвхөн шоронгийн ханыг дүүргэж, хэрэглээний далд зах зээлийг улам тэлж, хүний эрхийг гишгичихээс цаашгүй. Дэлхий аль хэдийн яллахаа больж, эмчлэхийг сонгосон. Харин Монголд “шээс авч ял өгөх” бодлогоор бид залуусаа үгүй хийж байна. Үүнийг зогсоох цаг ирсэн.

 

 

Таны хариу үйлдэл юу вэ?

Таалагдлаа Таалагдлаа 0
Таалагдахгүй Таалагдахгүй 0
Хайр Хайр 0
Хөгжилтэй Хөгжилтэй 0
Ууртай Ууртай 0
Гунигтай Гунигтай 0
Гайхалтай Гайхалтай 0