ДЭЛХИЙН ТЭРБУМТНУУД ТРАМПЫН ШИЙДВЭРЭЭС УРЬТАЖ ХУВЬЦААГАА ЗАРСАН БАЙЖЭЭ

4-р сар 28, 2025 - 09:37
4-р сар 28, 2025 - 10:58
 0
ДЭЛХИЙН ТЭРБУМТНУУД ТРАМПЫН ШИЙДВЭРЭЭС УРЬТАЖ ХУВЬЦААГАА ЗАРСАН БАЙЖЭЭ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп импортын тарифыг нэмэгдүүлэх шийдвэрээ зарлахын өмнөхөн хэд хэдэн томоохон компанийн гүйцэтгэх захирлууд их хэмжээний хувьцаагаа зарсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.

Meta компанийн үүсгэн байгуулагч Марк Закерберг 2025 оны нэгдүгээр болон хоёрдугаар сард Chan Zuckerberg Initiative сангаар дамжуулан Meta компанийн 1.1 сая ширхэг хувьцааг, нийт 733 сая ам.долларын үнэтэйгээр заржээ. Энэ арилжаа нь Meta-ийн хувьцааны ханш 600 ам.доллараас дээш байсан үед хийгдсэн байна. Харин АНУ-ын тарифын шинэ бодлогоос шалтгаалсан зах зээлийн уналтын улмаас Meta-ийн хувьцааны ханш хоёрдугаар сарын 14-нд хүрсэн дээд цэгээсээ 32 хувиар буураад байна.

JPMorgan Chase банкны гүйцэтгэх захирал Жэйми Даймон ч мөн хоёрдугаар сард 133,639 ширхэг хувьцаагаа зарж, нийт 31.5 сая ам.долларын арилжаа хийжээ. Энэ нь түүний 20 жилийн хугацаанд хийсэн анхны хувьцаа борлуулалт болсон бөгөөд компанийн орлого түүхэн дээд цэгтээ хүрсний дараахан хийгдсэн байна.

Харин Oracle компанийн гүйцэтгэх захирал Сафра Кац 2025 оны нэгдүгээр сард 3.8 сая ширхэг хувьцааг, нийт 705 сая ам.долларын үнэлгээгээр заржээ. Тэрбээр хувьцаагаа компанийн үнэлгээ хамгийн өндөр байх үед борлуулж амжсан ба зах зээлийн уналтаас үүдэн Oracle-ийн хувьцааны ханш 25 хувиар буураад байгаа юм.

Эдгээр хувьцаа борлуулах үйлдлүүд нь урьдчилан баталсан 10b5-1 төлөвлөгөөний хүрээнд хийгдсэн байж болзошгүй ч олон нийтийн дунд тэрбумтнууд дотоод мэдээлэл ашигласан эсэх талаар эргэлзээ төрүүлж байна.

2025 оны дөрөвдүгээр сарын 2-нд Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ тарифын бодлогоо зарласнаар АНУ-ын хөрөнгийн зах зээлд томоохон уналт үүссэн юм. Тухайлбал, S&P 500 индекс 6.65 хувь, Nasdaq индекс 5.8 хувь, Dow Jones индекс 3.98 хувиар тус тус унасан. Ердөө хоёр өдрийн дотор АНУ-ын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нийт 6.6 их наяд ам.доллараар буурсан нь тус улсын түүхэн дэх хамгийн том хоёр өдрийн алдагдлуудын нэгээр бүртгэгдээд байгаа билээ.

Эх сурвалж: Bloomberg, Reuters, Investing, Washington Post

Таны хариу үйлдэл юу вэ?

Таалагдлаа Таалагдлаа 0
Таалагдахгүй Таалагдахгүй 0
Хайр Хайр 0
Хөгжилтэй Хөгжилтэй 0
Ууртай Ууртай 0
Гунигтай Гунигтай 0
Гайхалтай Гайхалтай 0