ҮНДЭСНИЙ ДАВХАР ДААТГАЛ ХК ДААТГАЛЫН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛД МАНЛАЙЛНА

Даатгалын салбар нь улс орны эдийн засаг төдийгүй нийгмийн амьдралд ч амин чухал салбар билээ. Цаг уурын өөрчлөлтийн нөлөө мэдрэгдэхүйц болж, байгалийн гамшиг, томоохон улс орнуудын хооронд зөрчил мөргөлдөөн зонхилох болсон энэ цаг үед улс үндэстнээ эрсдэлээс хамгаалахын ач холбогдол улам нэмэгдэж байна. Ийм ч учраас дэлхийн улс орнууд даатгалын салбарт онцгой ач холбогдол өгч, бие даасан байдалтай хөгжихөд нь ихээхэн анхаардаг. Ингэхдээ даатгалын салбарыг хууль эрх зүйн орчны хүрээнд дэмжихээс гадна үндэсний давхар даатгалын компани байгуулах замаар шинэ дутмаг хөгжиж буй даатгалын салбарын өсөлтийг түргэсгэдэг байна.
Даатгалын компаниуд эрсдэлийн сангийнхаа хэмжээтэй уялдуулан харилцагчдынхаа эрсдэлийг даатгадаг. Харилцагчдын эрсдэл хэт өндөр дүнтэй тохиолдолд тухайн эрсдэлийг олон улсын томоохон давхар даатгалын компанид давхар даатгуулдаг олон улсын жишигтэй. Өөрөөр хэлбэл даатгалын компани харилцагчийнхаа 1 тэрбум төгрөгийн эрсдэлийг даатгасан тохиолдолд тодорхой хувийг нь давхар даатгалын компанид даатгуулах замаар эрсдэлээ тараан хуваалцдаг.
Ялангуяа Монгол зэрэг даатгалын салбар нь тэлэлтийнхээ үед яваа хөгжиж буй улс орнуудын хувьд энэ салбар дахь тоглогчид нь үндэсний хэмжээний томоохон төслүүдийг дангаараа даатгах чадваргүй байдгаас гадаадын давхар даатгалын компанид давхар даатгуулах шаардлага тулгардаг. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй 17 даатгалын компани зөвхөн өнгөрсөн онд гэхэд 84 тэрбум төгрөгийг давхар даатгалын үйлчилгээний хураамжид төлжээ. Өөрөөр хэлбэл давхар даатгалын үйлчилгээ нь валютын нэг том гарах урсгал болдог аж.
Тэгвэл энэ хөрөнгийг бүхэлд нь биш юм аа гэхэд тодорхой нэг хэсгийг нь дотооддоо авч үлдэх боломж бий юу? Хөгжиж буй улс орнуудын хувьд давхар даатгалын компани байгуулах замаар энэхүү асуудлыг шийдэж, дотоодын даатгалын компаниудаа дэмждэг. Манай улсын хувьд ч энэ жишгээр Үндэсний давхар даатгал ХК-ийг 2014 онд байгуулсан билээ.
Үндэсний давхар даатгал компани нь малын индексжүүлсэн даатгал, улаан буудайн индексжүүлсэн даатгал, экспортын даатгал, ачаа тээврийн даатгал, ил уурхайн даатгал зэрэг нийт 14 төрлийн давхар даатгалын үйлчилгээ үзүүлдэг.
Түүнчлэн дотоодын даатгалын компаниудад илүү уян хатан нөхцөлтэй, ханшийн эрсдэл багатай давхар даатгалын үйлчилгээг санал болгох замаар дотоодын даатгалын салбарын өсөлт хөгжилтөд түлхэц үзүүлдэг байна. Монгол Улсын Үндэсний давхар даатгал ХК нь 2021 онд дээр дурдсан давхар даатгалын хураамжид төлж буй 84 тэрбум төгрөгийн 4 тэрбум төгрөгийн хураамжийг дотооддоо авч үлдээд байна. Гэвч нийт давхар даатгалын хураамжийн дөнгөж 5 хувийг дотоодын давхар даатгагчид ногдуулж байгаа нь эдийн засгийн хүндрэлтэй энэ нөхцөл байдалд чамлахаар үзүүлэлт билээ.
Тэгвэл энэ хэмжээ өсөх боломжтой юу? УИХ-аар 2023 онд батлагдахаар хүлээгдэж буй Даатгалын тухай багц хуулиар дотоодын даатгалын компаниудын худалдан авч буй давхар даатгалын тодорхой хувь нь заавал дотоодын давхар даатгагч буюу Үндэсний давхар даатгал ХК-д даатгагдсан байх тухай заалтыг оруулах төлөвтэй байна. Одоогоор хувь хэмжээний хувьд тодорхой тогтоогүй ч салбарын мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар 20%-30% гэсэн босго тогтож, цаашид өсөн нэмэгдэхээр зааж өгөх болов уу гэсэн хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл, энэхүү хуулийн төсөл батлагдсанаар жил бүр давхар даатгалын хураамжид гарч буй 80 гаруй тэрбум төгрөгийн 16-аас 24 тэрбум төгрөг нь дотооддоо үлдэж, тэр хэрээр дотоодын даатгалын салбар өргөжин тэлэх боломжтой болох аж.
Өмнөд Солонгос, Энэтхэг, Хятад зэрэг эрчимтэй хөгжиж буй улсууд ч ижил замаар дотоодын даатгалын салбараа хөгжүүлсэн. Жишээлбэл, 1963 онд үүсгэн байгуулагдаж байсан Korean Re буюу Солонгосын Үндэсний давхар даатгалын компани нь үндэсний хэмжээнээс халин гарч, олон улсын давхар даатгалын хүнд жингийн тоглогч болтлоо өсөж хөгжжээ.
Өнөөдөр Korean Re компани нь 2.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, дэлхийн 10 дахь том даатгалын компани болсон. Ингээд харвал энэхүү зүйл заалт нь дотоодын даатгалын салбарын хөгжлийг дэмжээд зогсолгүй цаашлаад даатгалын үйлчилгээний экспортын боломжийг ч бий болгох ач холбогдолтой.
Дээр дурдсан улс орнуудын хувьд даатгалын салбараа өөрөөр нь тамиржуулах зорилгоор Үндэсний давхар даатгалын компанийг байгуулаад тодорхой хугацааны дараа хувьчлан бие даалган хөгжүүлдэг туршлагатай.
Энэ онд батлагдахаар хүлээгдэж буй Даатгалын тухай багц хууль, Гамшгийн эрсдэлийн тухай хууль, 2022 онд батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт зэргээс харвал банк болон хөрөнгийн зах зээлийн салбарын дараа эрчимтэй хөгжих салбар нь даатгалын салбар гэж таамаглаж болохоор байна. Мэдээж хэрэг энэхүү үйл явцад одоогоор давхар даатгалын үйлчилгээ үзүүлж буй цор ганц компани болох Үндэсний давхар даатгал компани оройлон оролцох нь ойлгомжтой.
Таны хариу үйлдэл юу вэ?






