Б.ЧУЛУУНБААТАР: САХАРЫН ХҮНДРЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ ҮР ДҮНТЭЙ АРГА БОЛ ХООЛ, ХӨДӨЛГӨӨН, БАС ДАРАЛТАТ ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ЭМЧИЛГЭЭ ЮМ

Цусан дахь сахрын хэмжээг тодорхойлохдоо сахрын сүүлийн 3 сарын дунджийг хэмжих шинжилгээ буюу глюкожсон гемоглобин HbA1c шинжилгээг өгөх хэрэгтэй.

3-р сар 6, 2025 - 19:06
3-р сар 15, 2025 - 21:40
 0
Б.ЧУЛУУНБААТАР: САХАРЫН ХҮНДРЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ ҮР ДҮНТЭЙ АРГА БОЛ ХООЛ, ХӨДӨЛГӨӨН, БАС ДАРАЛТАТ ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ЭМЧИЛГЭЭ ЮМ

21-р зууны чимээгүй тахал буюу чихрийн шижин өвчнөөр насанд хүрсэн 11 хүн тутмын нэг нь өвдөж, ганцхан жилийн хугацаанд дэлхийд 3,7 сая хүн, Монгол Улсад 1300 гаруй хүн нас барсан байх магадлалтай гэдгийг ДЭМБ-аас зарлажээ. Өнөөдөр дэлхий дахинд энэ өвчнөөр өвдсөн хүний тоо 347 саяд хүрээд байгаа бол 2045 он гэхэд энэ тоо судалгаагаар 700 саяд хүрнэ гэж тооцоолж байна.

Өдрөөс өдөрт нэмэгдэж буй чихрийн шижин өвчнөөс хэрхэн сэргийлэх, нэгэнт энэ өвчнөөр оношлогдсон бол хэрхэн үр дүнтэй эмчлэх талаар өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээгээр АНУ-д сурч мэргэшсэн эмч Б.Чулуунбаатартай ярилцлаа.

- Танд удахгүй болох дэлхийн эмч нарын өдрийн мэнд хүргэе. Эмчилгээ, зөвлөгөө гээд их ажлынхаа дундуур цаг гаргаж байгаад баярлалаа. Чихрийн шижин өвчнөөр шаналж байгаа олон хүнд танай эмнэлгийн талаар мэдээлэл хүргээрэй гэсэн хүсэлтүүд ирсэн учраас зорьж уулзаж байгаа юм. Өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээний онцлогийн талаар тайлбарлаж өгнө үү?

Манай эмнэлэг 2016 оноос хойш даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ, бариа засал, инфра улаан туяаны эмчилгээ, сэргээн засах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Ялангуяа хойд Америкийн орнуудад маш өндөр хөгжиж одоо дэлхийн бусад орнуудын эрүүл мэндийн салбартаа нэвтрүүлж эхлээд байгаа даралтат хүчилтөрөгчийн эмчилгээний аргыг Монголдоо анх нэвтрүүлэн энэ чиглэлээр 8 дахь жилдээ ажиллаж байна.

Даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ нь чихрийн шижин өвчнөөс үүсэлтэй шарх, артер, венийн судасны шалтгаант шарх, бүх төрлийн гэмтлийн шарх, халдварт өвчний шарх (гангрен), түлэгдэлт, удаан хугацаанд хэвтэрт байснаас үүссэн холголт, цооролт, ясны эдийн халдвар, туяа эмчилгээний гаж нөлөөг засахад маш өндөр үр дүн үзүүлж шархны эдгэрлийг 30%-50% хүртэл түргэсгэж, мөчдийг аварч үлдэх боломжийг ихэсгэн амь нас эрсдэх эрсдэлийг бууруулдаг давуу талтай.

Эмчилгээний хувьд өвчтөнд ямар нэгэн зовуурь байхгүй. Өвчтөн даралтат эмчилгээний тусгай төхөөрөмжид хэвтэн бидний өдөр тутмын амьсгалдаг хүчилтөрөгчөөс 10 дахин их хүчилтөрөгчөөр амьсгалж цусны сийвэнд уусан орох хүчилтөрөгчийн хэмжээг 20 дахин хүртэл нэмэгдүүлж өгдөг. Ийм замаар биед орсон хүчилтөрөгч нь цусны эргэлт дутмаг, цусан хангамж муудсан улаан эс хүрэх боломжгүй газруудад хүчилтөрөгчийг зөөвөрлөн хүргэснээр эд эрхтний нөхөн төлжилт дэмжигдэж, эдгэрэлт огцом сайжирдаг.

- Чихрийн шижин маш олон хүнийг хамарсан архаг өвчин эмгэг гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч бүр чимээгүй тахал гэж тодорхойлж байна?
Тийм ээ. Чихрийн шижинтэй хүн бүх насаараа эмчлүүлэх шаардлагатай болдог. Одоогоор энэ өвчнийг бүрэн эмчлэх арга гараагүй байгаа учраас ийм өвчтэй гэж оношлогдсон л бол амьдралынхаа турш хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн, эмийн эмчилгээ, эмчийн хяналтад байх ёстой гэсэн үг. Сахрын хүндрэл нь нүд, бөөр, тархи, захын мөчдүүд голцуу эдгээр дөрөвт үүсдэг. Өөрөөр хэлбэл чихрийн шижин хүндэрснээр хүн нэг бол хараагаа алдана, бөөрний дутагдалд орно, тархины шигдээс болох эсвэл гар юмуу хөлөө тайруулж эрхтэн дутуу болдог. Хэлэхэд хэцүү ч бодит байдал ийм л байна. Энэ хүндрэл ямар хугацааны дараа илрэх вэ гэдэг нь тухайн өвчтөнөөс өөрөөс нь шалтгаална. Хоол хүнс, дасгал хөдөлгөөнөө тохируулаад эмчилгээгээ хийлгээд сахраа хэвийн хэмжээнд бариад байдаг хүмүүс байна. Ийм хүмүүсийн хувьд нөгөө айгаад байгаа хүндрэл нь 25-аас 30 жилийн дараа ч тохиолдож болно. Гэтэл сахрын өндөр хэрэглээтэй кола уугаад л, цагаан гурилаа идээд л, дасгал хөдөлгөөн, эмчилгээгээ хийхгүй хэнэггүй яваад байвал 3-5 жилийн дотор л хүндэрчихдэг. Монголчуудын хувьд ихэнхдээ хэнэггүй талдаа хүмүүс шүү дээ. Сахрын хэмжээ ихсэж инсулинд орсон хойноо, хүндрэл өгөөд эхэлсний дараа л гэнэт анхаарч эхэлдэг. Тэгээд эмчээ одоо би яах хэрэгтэй вэ? гэж асууна. Хэдий сахрын хэрэглээ өндөр ч гэсэн эмчилгээнийхээ хажуугаар манай хүчилтөрөгчийн аппаратад тогтмол орсноор магадгүй 5 жилийн дараа үүсэх байсан хүндрэлийг 10 жил, 15 жилийн дараа болгон хойшлуулах боломжтой. Үр дүн нь товчхондоо энэ.

- Сахар буюу чихрийн шижин өвчний хүндрэл ер нь яаж явагддаг юм бэ?

Сахрын өвчний хамгийн муухай нь нарийн капилляр судастай эрхтнүүд хамгийн түрүүнд гэмтдэг. Нөгөө хүндрэл өгөөд байгаа нүд, бөөр, тархи, хөл гарын хуруунууд чинь хүний биеийн хамгийн их хялгасан судастай эрхтнүүд байгаа биз? Капилляр буюу хялгасан судас маш нарийн диаметртэй, гэтэл судаснаасаа том диаметртэй улаан эс зууван хэлбэртэй болж байж тэр нарийхан зайгаар урсаж хүчилтөрөгчийн солилцоо явагддаг гэсэн үг.

Эрүүл улаан эс арай гэж хэлбэр дүрсээ өөрчлөн барин урсдаг хялгасан судсаар нөгөө сахартай өтгөн цус маань урсаж байгаад гацчихдаг. Хэрэв улаан эс ингээд нэг л гацчих юм бол цаашаа урсах боломжгүй болж хялгасан судасны төгсгөл, үзүүрийн хэсгүүдэд үхжилт үүсээд эхэлнэ. Сахрын хүндрэлд нүд, бөөр, тархи, хөл гар хамгийн түрүүнд өртөөд байдгийн шалтгаан нь энэ.

Энгийнээр тайлбарлая л даа. Хүний зөвхөн нэг хуруунд 100 мянган капилляр судас байдаг гэж бодъё. Сахартай хүний 1 капилляр судас нь бөглөрөөд 2 дахь нь бөглөрөөд, 50 мянга дахь нь бөглөрөхөд л хуруу маань 50% цусан хангамжгүй болно. Цусан хангамжгүй болсон үзүүр хэсэгт үхжилт үүсэж эхэлнэ. Тэгвэл яаж тэр захын хэсгүүдэд хүчилтөрөгч хүргэх вэ? Капилляр судаснуудынх нь 50%, за бүүр 30% үлдээд захын эрхтэнд цус хангалттай очиж чадахгүй байгаа өвчтөн хүчилтөрөгчийн аппаратад орсны дараа нөгөө захад хүрч байгаа хүчилтөрөгчийн хэмжээ 10-20 дахин нэмэгддэг.

Хөлөө тайруулсан хүмүүсийн хувьд хүндрэл яаж эхэлдэг вэ гэхээр эрхий хурууны хумс нь шигдээд эхэлдэг. Тэгээд хумсаа авах гэж байгаад жижигхэн шалбархай үүсэж, нөгөө жижиг шарх эдгэрэхгүй томорсоор явсаар байгаад хөлөө тайруулдаг. Ерөнхийдөө сахрын өвчнөөс болж хөлөө тайруулсан хүмүүсийн ихэнх нь ийм шалтгаантай байгаа. Харамсалтай нь энэ мэтчилэн маш жижигхэн зүйлээс болоод эд эрхтнээсээ салах хэмжээнд хүрч байна. Үхжилтийг зогсоохын тулд цусан хангамж сайтай том судастай хэсгээр тайрахаас өөр аргагүй болдог. 

- Улсын болон хувийн эмнэлгүүдэд цусны шинжилгээ өгөхдөө сахрын хэмжээгээ үнэн зөв тогтоолгохын тулд яг юун дээр анхаарах ёстой вэ?
Цусан дахь сахрын хэмжээг тодорхойлохдоо сахрын сүүлийн 3 сарын дунджийг хэмжих шинжилгээ буюу глюкожсон гемоглобин HbA1c шинжилгээг өгөх хэрэгтэй. Энэ шинжилгээг байнга өгдөг хүмүүс бүгд мэдэж байгаа, 3 сарын дунджийн шинжилгээн дээр глюкожсон гемоглобин гэсэн үг байдаг. Гемоглобин гэдэг нь улаан эс дотор байгаа хүчилтөрөгчтэй холбогддог уураг бөгөөд уургийн хэдэн хувь нь глюкожсон буюу сахар очоод холбогдчихсон байгааг илрүүлдэг шинжилгээ гэсэн үг.

Манайхан гэтэл ерөнхий шинжилгээ өгөөд түүндээ тайвшраад яваад байдаг. Сахрын ерөнхий шинжилгээ өгөхөд зүв зүгээр байсан хүмүүс 3 сарын дунджийн шинжилгээгээр архаг сахартай гараад ирдэг. 3 сарын дундаж гэдэг нь өөрөө биен дэх сахрын 3 сарын циклийг хэмжиж гаргадаг хамгийн найдвартай арга гэж ойлгож болно.    

- Хүчилтөрөгчийн эмчилгээ ийм үр дүнтэй байж яагаад дэлхий даяар тархаагүй юм бэ? Эсвэл энэ нь шинэ төрлийн эмчилгээ юм уу?

Энэ эмчилгээний арга нь 1662 онд анх үүсээд 1940 оноос цэрэг армийн эмнэлгүүдэд нэвтэрч энгийн анагаах ухаанд 1960 онд нэвтэрч эхэлсэн. Тэр дундаа хамгийн их судалсан нь Америк. Яагаад гэвэл Америкт дэлхийн хамгийн олон сөнөөгч онгоц, шумбагч онгоц байдаг. Эдгээр онгоцнуудыг жолооддог цэргийнхэн агаарт 13-18 км-ийн өндөрт агаарын бага даралттай орчинд, шумбагч онгоцныхон усан доор маш өндөр даралттай орчинд төрөл бүрийн агаарын холимог амьсгалдаг. Тэднийг байнгын бэлэн байдалд байлгахын тулд ниссэнийх нь дараа ч юм уу шумбасных нь дараа заавал хүчилтөрөгчийн даралтад аппаратад оруулж амьсгалсан агаарын холимгоос үүдсэн гаж нөлөөг эмчилдэг.

Миний хувьд 2015 онд АНУ-ын Сан-Антонио хотод зөвхөн эмнэлгийн ажилтнуудад зориулсан Int.ATMO Hyperbaric Medicine Team Training сургалтад хамрагдаж өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээгээр мэргэжил дээшлүүлсэн. Багш маань Америкт тэнгисийн эргийн цэргийн баазад хүчилтөрөгчийн даралтат аппаратын эмчилгээг хариуцан ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан, даралтат хүчилтөрөгчийн эмчилгээний чиглэлээр дагнан ажиллаж байгаа маш туршлагатай хүн байсан.

- Тэгвэл та даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг Монголд оруулж ирсэн, энэ тал дээр Монголдоо хамгийн туршлагатай эмч юм байна шүү дээ?

- Би АНУ-д Int.ATMO Hyperbaric Medicine Team Training сургалтаа дүүргээд хамгийн чанартай, өндөр үнэтэй Америкийн тэнгисийн цэргийнхний хэрэглэдэг даралтат хүчилтөрөгчийн аппаратыг 2015 онд Монголдоо авчирч эмчилгээнд ашиглаж эхэлсэн. Энэ цаг хугацааг харвал үнэхээр хамгийн анхных нь болж байгаа байх. 8-9 жилийн турш үйлчлүүлж байгаа хүмүүстээ судалгаа хийн ямар төрлийн өвчинд хэр хугацаанд ямар нөлөө үзүүлж байгаа үр дүнг нь ажиглаад, туршлага хуримтлуулаад л явж байна даа. Цаашдаа ч энэ чиглэлээр тууштай ажиллах бодолтой байгаа.

Манай эмнэлэгт даралтат хүчилтөрөгчийн эмчилгээнд ороод ашиг тусыг нь мэдэрсэн хүмүүс дараа нь байнга ирдэг. Ирэхдээ ах дүү, найз нөхөд, ээж аавыгаа хамт аваад ирнэ. Бас манайхан сүүлийн үед сошиал хөгжсөнтэй холбоотойгоор фэйсбүүкээр хайж байгаад эмнэлгийн маань пэйж хуудсыг олоод  танайх энэ эмчилгээг олон жил хийж байгаа туршлагатай эмнэлэг байна гээд л хүрээд ирдэг.

- Хүчилтөрөгчийн өндөр даралт бүхий аппаратад орох явцад хүний биед ямар нэгэн өөрчлөлт мэдрэгдэх үү?
Мэдрэгдэнэ. Юу гэж зүйрлэмээр юм дээ. Далайн гүнд 6 метрийн гүнд шумбаж байгаа юм шиг л даралт мэдрэгдэнэ. Нэг үгээр энэ аппаратад 1 цаг хэвтэхдээ зүүн Өмнөд Азийн орноор аялж, усанд шумбаад гарч ирж байгаа мэт тийм мэдрэмж, тийм хүчилтөрөгчийн хангамжийг авдаг. Амьсгалж байгаа хүчилтөрөгч нь өөрөө даралттай байгаа байхгүй юу. Даралтат гэдэг үг чинь хүчилтөрөгч гэдэг үгээ хүчитгэж байгаа биз дээ? Тэрнээс биш даралттай орчинд хийгдэж байгаа хүчилтөрөгчийн үйлчилгээ биш юм. Энэ бол даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ.

- Дэлхийн одууд, спортын алдартай тамирчид энэ эмчилгээг залуу, эрч хүчтэй байхын тулд ашигладаг гэх юм?

- Гадаад улс оронд Дархлаагаа сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх, гоо сайхан, хөгшрөлтөөс сэргийлэх гээд эрүүл амьдрал, урьдчилан сэргийлэх зорилгоор энэ аппаратыг их хэрэглэдэг. Хүний биеийг цэвэр хүчилтөрөгчөөр тэтгэж байгаа гэдгээрээ бүх зүйлд эерэг нөлөө үзүүлдэг л дээ. Бүх төрлийн спортын тамирчид, оюуны өндөр ачаалалтай ажилладаг хүмүүс, жирэмсэн эхчүүд, нойргүйдэлтэй хүмүүс, стресс бухимдал ихэссэн хүмүүст, аутизм, ахиллес, тархины даралттай бүх насны хүмүүст богино хугацаанд маш сайн нөлөө үзүүлдэг.

Манай эмнэлгийн хувьд нэгэнт хүрэлцээ, цаг нь хязгаартай болохоор өвчтэй хүмүүстээ туслах зорилгоор сахрын хүндрэлээс сэргийлэхэд маш хэрэгтэй эмчилгээ шүү гэдэг утгаар нь иргэдэд ойлгуулах, танилцуулахыг зорьж байгаа юм.

Өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээний талаар асууж тодруулах зүйл байвал манай BaroMedical эмнэлгийн Facebook хуудас болон 77150300 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
- Ярилцсанд баярлалаа.

Дэлхийн улс орнуудад эрчимтэй ашиглагдаж байгаа даралтат хүчилтөрөгчийн эмчилгээний үр дүнгийн талаар эмч нар  хариулж байна.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Гэмтэл согог засалч, гар сарвуу бичил мэс засал, нөхөн сэргээх мэс заслын эмч Ч.Очбаяр:
Гар сарвуу болон мөчдийн гэмтлийн хагалгаанд орсон өвчтөнүүдэд хагалгааны дараа даралтат хүчилтөрөгчийн аппаратад орсноор шархны эдгэрэлт мэдрэгдэхүйц сайжирч хаванг буулгаж үрэвсэл үүсэх, халдвар авах эрсдэлийг бууруулж байна. Ялангуяа ясны идээт үрэвсэл (остеомиелит) өвчний үед хүчилтөрөгчийн эмчилгээг сүүлийн үед өргөн хэрэглэх болсон. Ингэснээр бактерийн эсрэг нөлөөтэй цефалоспорины бүлгийн 3-р үеийн цефтриаксон, цефатаксим гэх мэт, аминогликозидын бүлгийн гентамицин, тобрамицин, неомицин, стрептомицинүүд зэрэг антибиотикуудын үйлчлэлийг нэмэгдүүлж байдаг.

Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэхэд ясны эдийн нөхөн төлжилт сайжирч, ясны эдэд явагдаж буй бактерийн өсөлт хөгжлийг сааруулан халдвар авах эрсдэлийг бууруулж мэс заслын дараах хүндрэлээс сэргийлж байна.

ХСҮТ-ийн ерөнхий мэс заслын тасгийн эмч О.Баатархуяг:

Өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ нь  халдвар, шархны эдгэрэлт, цацрагийн гэмтэл зэрэг маш олон өвчин, мэс заслын дараах шарх эдгэрэлтийг хурдасгаж, хаван үрэвслийг бууруулахаас гадна дархлаа дэмждэг. Цацраг туяа, хими эмчилгээний үр нөлөөг сайжруулдаг болохыг дэлхийн эрүүл мэндийн салбар тогтоон сүүлийн үед хорт хавдартай өвчтөнүүдэд өргөнөөр хэрэглэж байна.  

 

 

Нэмэлт мэдээлэл:

Scientific Reports сэтгүүлд гарсан 2021 оны судалгааны өгүүлэлд даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ /ДХЭ/-г хорт хавдартай хулгана дээр туршиж үзээд хавдрыг эмчлэх боломжтой гэж үзсэн байсан. Уг туршилт хөхний хорт хавдартай хулгануудын эсэн мэнд амьдрах чадварыг ихээхэн нэмэгдүүлж, хавдрын хөгжлийг эрс бууруулжээ.

ДХЭ нь хавдрын бичил орчин дахь хүчилтөрөгчийн түвшинг нэмэгдүүлэн үүний үр дүнд хими эмчилгээний эмүүд хавдрын эсүүдэд илүү үр дүнтэй нэвтэрч  эмчилгээний үр нөлөөг сайжруулан мэс засалд орох хэрэгцээг бууруулсан байна.

Иймд ДХЭ гаж нөлөө багатай тул хорт хавдрын бусад эмчилгээтэй хамт аюулгүй хэрэглэж болох төдийгүй ДХЭ-г хорт хавдрын бие даасан эмчилгээ болгон ашиглаж болохгүй харин үр нөлөөг нь нэмэгдүүлэхийн тулд бусад хорт хавдрын эмчилгээтэй хамт хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэжээ.

Таны хариу үйлдэл юу вэ?

Таалагдлаа Таалагдлаа 0
Таалагдахгүй Таалагдахгүй 0
Хайр Хайр 0
Хөгжилтэй Хөгжилтэй 0
Ууртай Ууртай 0
Гунигтай Гунигтай 0
Гайхалтай Гайхалтай 0