НҮДНЭЭС ДАЛД ХҮЧИРХИЙЛЭЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР

Нүднээс далд хүчирхийлэл үргэлжилсээр
Жилд дунджаар 10 мянга гаруй гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Сүүлийн долоон жилийн хугацаанд л гэхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 116 хүн амиа алдаж, 8000 хүн гэмтжээ. Энэ төрлийн арван гэмт хэргийн ес нь нүднээс далд хэлбэрээр үргэлжилж байна. ХЭҮК-ын тайланд дурдсанаар 2021 онд 9,196 гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2022 онд 32 хувиар нэмэгдэж 12,186 хүрсэн мэдээлэл байна. Үүнээс хойш энэ төрлийн гэмт хэрэг буураагүй гэдгийг онцлох нь зүйтэй юм.
Монгол Улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 онд шинэчлэгдэн батлагдсан ч хэрэгжилт сул, хамгаалалт хангалтгүй хэвээр байна. Түр хамгаалах байр хомс, сэтгэлзүйн зөвлөгөө олдоц муу, хүчирхийлэгчид хариуцлага хүлээлгэх нь ховор. Хамгаалах тогтоол гаргасан ч түүнийг хэрэгжүүлдэг систем байхгүй, хяналт тавьдаг бүтэц сул байна.
Одоогийн хуулиар гэр бүлийн хүчирхийллийн хохирогч амиа алдсан эсвэл гэмтлийн зэрэг хүндээр тогтоогдсон үед л гэмт хэрэгт тооцож байна. Хохирогч амьд, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учраагүй бол захиргааны зөрчил гэж үзээд хүчирхийлэгчийг торгох, баривчлах арга хэмжээ л авч байгаа. Хохирогч л өөрөө иргэний журмаар шүүхэд хандаж, хүчирхийлэгчийн эрхийг хязгаарлуулдаг. Ингэхээр гэмтнийг гэсгээх нь хохирогчийн үүрэг болдог гэсэн үг. Уг нь ялын хувилбар нь хүчирхийлэл үйлдэгчийг цээрлүүлэхээс гадна буруугаа ухамсарлаж, алдаагаа засахад нь чиглэнэ. Гэвч энэ бүхний эцэст хохирогч дахиад л хүчирхийлэлд өртөх нь бараг “байгалийн хууль”. Учир нь хүчирхийлэгчдийн хувьд “Чи намайг баривчлуулна гэнэ ээ” гэсэн өс тээн гарч ирээд дахиад дарамталдаг байна. Үүнийг болиулж, иргэнээ хамгаалах нь төрийн үүрэг. Харамсалтай төр үүргээ биелүүлж чадаагүйгээс гэр бүлийн хүчирхийлэл гаарч аль хэдийнэ олон зуун иргэн нь бусдын гарт амиа алдаад байна.
Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийн тухай хуультай байлаа ч түүнийг хэрэгжүүлж буй тогтолцоо нь хохирогч төвтэй, хохирогчдоо ээлтэй шийдвэр байж чадахгүй байгаад л байна. Нэг хэсэг нь хууль чангарах тусам хүчирхийлэл далд хэлбэрээр явагдана гэж үзэж байна. Харин нөгөө хэсэг нь хууль чангарвал гэмт хэрэг багасна гэж үзэж байна. Харин та юу гэж бодож байна?
Таны хариу үйлдэл юу вэ?






