АТГ-д ард түмэн итгэл алдрав

7-р сар 24, 2025 - 18:31
 0
АТГ-д ард түмэн итгэл алдрав

АТГ-д ард түмэн итгэл алдрав

Засаг огцруулж орхисон романтик залуу О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийг АТГ хууль ёсных гэж тогтоолоо. Эрхэм экс ерөнхий сайдын гэр бүлийн жилийн орлого 2024 онд 15 сая төгрөг байсан болохыг бид хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж байгаа. Харин дөнгөж 22 настай хүү нь 2025 онд энэ дүнг 20 нугалсан, нэмээд нийт хөрөнгийнх нь 36.2%-тай тэнцэх хэмжээний мөнгийг ердөө гуравхан шилжүүлгээр олчихдог сүйхээтэй нөхөр болохыг монгол даяараа харлаа. Үүнийг тэгээд Л.Оюун-Эрдэнэд огт хамааралгүй гэж үзэх тун ч өрөөсгөл хэрэг болно.

        Энэ ч утгаараа тус шийдвэрт ард иргэд бухимдалтай байна. Мөн зарим асуултууд урган гарч, сошиал орчинд хүчийг аваад байна. “Огцрох амархан” жагсаалын үеэр Ерөнхий сайд болон түүний хүүг орлогоо нотол гэж шаардсан. Тэгтэл зөвхөн хүүгийнх нь орлогыг л шалгалаа. Хүүгийнх нь данс руу ямар утгатай, ямар шилжүүлэг орж ирсэн бэ? Херо группээс үү, эсвэл Баатарын хувийн данснаас уу? Ямар гэрээний үндсэн дээр мөнгө орж ирсэн гэх мэтчилэн ил тод мэдээлэл юу ч алга. Ард түмэн хардахаас ч яах билээ. Хардлага дагуулсан “хуудуутай мөнгө” хүүгийнх нь гараас бэрийнх нь гоёл зүүлт, тансаглал болон урсаж байгаа юм чинь.

Сүйт бүсгүйдээ бэлэглэсэн бэлэг сэлт нь л гэхэд 12 саяын цүнх, 20 саяын бөгж, тансаг зэрэглэлийн автомашин, сүй тавих ёслолын ажиллагаа гэх мэт нүднээс ил, далд зардлууд их бий. Ингээд л харахад Баатар найруулагчаас өгсөн 300 саяас хавь илүү зардал гарсан нь харагдаж байгаа.

Энэ мэтчилэн зүйлсээс болж эрх мэдлээ урвуулан ашигласан байх вий гэж хүмүүс шүүмжлэлтэй хандаж байна. УИХ уг нь хууль тогтоох дээд байгууллага, ард түмний төлөөлөгчид. Ард түмний эрх ашгийг хамгаалсан шийдвэрийг хэнээс ч айхгүй гаргадаг байхын тулд тэдэнд халдашгүй дархан эрх бий. Гэтэл энэ далбаан доор хуулийн цоорхойг ашиглаж өөрт ашигтай хуулиудыг баталж, ялаас зугтаах нөхцөл бүрдсэнийг сүүлийн жилүүд гэрчилнэ.

Одоогийн нөхцөл байдалд Л.Оюун-Эрдэнийн халдашгүй эрх эсвэл бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах хугацаанд тэрбээр УИХ-ын гишүүн хэвээр байх юм. Зөвхөн тухайн хяналт шалгалтаар хууль зөрчсөн буюу гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татна. Гэтэл иргэдээ доог тохуу хийсэн мэт АТГ-ын энэ удаагийн ядруу мэдэгдэл шударга ёс хаана оршдог вэ гэх гүнзгий асуултыг нийгэмд үлдээлээ.

Таны хариу үйлдэл юу вэ?

Таалагдлаа Таалагдлаа 0
Таалагдахгүй Таалагдахгүй 0
Хайр Хайр 0
Хөгжилтэй Хөгжилтэй 0
Ууртай Ууртай 1
Гунигтай Гунигтай 1
Гайхалтай Гайхалтай 0