ХҮЧ НЬ СУЛАРСАН “НОЁН ДОЛЛАР” МОНГОЛД ХАРИН ГАЛЗУУРЧ БАЙНА

2025 оны эхний улиралд ам.долларын олон улсын ханш аажмаар буурч байгаа хэдий ч Монгол төгрөгийн эсрэг харин эсрэгээрээ тасралтгүй өссөөр байна. Энэ нь Монгол Улсын дотоод эдийн засгийн эмзэг байдал, төсвийн хэт зарлага, мөнгөний бодлогын үр нөлөөтэй шууд холбоотой нөхцөл байдал юм.
2024 оны 12-р сард 1 ам.доллар 3,460 төгрөгтэй тэнцэж байсан бол 2025 оны 4-р сарын 17-ны байдлаар 3,570 төгрөгт хүрчээ. Хэдийгээр энэ өөрчлөлт дэлхийн зарим зах зээлд бага мэт санагдаж болох ч Монголын эдийн засагт бол валютын ханшийн ийм өсөлт инфляц, хэрэглээний өртөг, иргэдийн худалдан авах чадварт ноцтой дарамт учруулж буйг эдийн засагчид анхааруулж байна.
Олон улсын зах зээл дээр ам.долларын ханш 2025 оны эхнээс эхлэн харьцангуй сулрах хандлагатай байгаа. DXY индекс 5 хувиар буурч, хөрөнгө оруулагчид илүү тогтвортой валютууд болох евро, франк руу шилжиж эхэлсэн. Жишээлбэл, швейцар франк ам.долларын эсрэг 4.35 хувиар чангарсан бол евро 1.82 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Австрали доллар ч мөн чангарсан бол иен, төгрөг хоёрын ханш ам.долларын эсрэг сулраад байна.
Японы иен 2.9 хувиар суларсан нь Монголын нөхцөл байдлаас шал өөр бөгөөд тус улсын Төв банк бодлогын хүүгээ бараг тэг түвшинд хадгалж буйтай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас зарласан 5.5 хувийн хүүтэй харьцуулахад энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд иенээс татгалзах гол шалтгаан болж байна.
Харин Монгол төгрөгийн ханшийн уналт нь зөвхөн дэлхийн хандлагатай зөрчилдөөд зогсохгүй дотоод нөхцөл байдлаас үүдэлтэй. Монголбанк 12 хувийн өндөр бодлогын хүүг хадгалж буй ч энэ нь ханш тогтворжуулахад хангалтгүй байна. Арилжааны банкуудад ам.долларын нийлүүлэлт хомсдож, валют зарах ханш 3,562 төгрөг байгаа ч валютын зах дээр энэ үзүүлэлт 3,570-д хүрлээ.
Үүнээс гадна, Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2024 оны сүүлээр 5.5 тэрбум ам.доллар байсан бол 2025 оны 3-р сард 4.9 тэрбум ам.долларт хүрч, 600 саяар буурсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулах гол шалтгаан болж байна. Түүнчлэн 2025 оны улсын төсөв 35.6 их наяд төгрөгөөр батлагдаж, өмнөх оноос 3.8 их наядаар нэмэгдсэн нь хэт үрэлгэн бодлогын илэрхийлэл болоод байгаа.
Эдийн засагчдын үзэж буйгаар ийм өндөр төсвийн зардал, сул хяналттай мөнгөний бодлого нь ам.долларын эсрэг төгрөгийн ханш суларсаар байх гол нөхцөл болчхоод байгаа аж. Энэхүү сулрал нь импортын үнэ нэмэгдэх, өргөн хэрэглээний барааны үнийн дарамт нэмэгдэх, иргэдийн худалдан авах чадвар буурах зэрэг олон талт сөрөг нөлөө дагуулж байна.
Монголын төгрөг дэлхийн ихэнх валютуудаас илүүтэйгээр суларч байгаа нь бидний дотоод бодлого, макро зохицуулалт хангалтгүй байгааг илтгэж буй дохио юм. Хэрэв энэ чиг хандлага үргэлжилбэл ханшийн огцом өсөлт нь инфляцийн хоёр дахь давалгаа, хөрөнгө оруулалтын хомсдол, экспортын орлогын алдагдал гэх мэт олон сөрөг үр дагавартай нүүр тулах аюултай. Иймд бодлогын түвшинд хурдан, зоримог, оновчтой алхам хийх шаардлага урьд урьдаас илүү хүчтэй тулгарч байна.
Таны хариу үйлдэл юу вэ?






