ИПОТЕКИЙН ЗЭЭЛ АВЧ БУЙ ХҮН БҮХНИЙ ДААТГАЛЫН ТӨЛБӨР НЭМЭГДЭНЭ

#ИПОТЕКИЙНЗЭЭЛ

7-р сар 22, 2025 - 13:43
7-р сар 22, 2025 - 13:45
 0
ИПОТЕКИЙН ЗЭЭЛ АВЧ БУЙ ХҮН БҮХНИЙ ДААТГАЛЫН ТӨЛБӨР НЭМЭГДЭНЭ

Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт батлагдаж, ипотекийн зээл төлж буй хүн бүхний даатгалын төлбөр нэмэгдэх асуудлын хүрээнд хуульч О.Батхүүг урин авчирсан байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Хүн болгон бухимдалтай байна. Яагаад ийм шийдвэр гаргасан бэ?

-Манайхан одоо хуулийн хулгай хийдэг байсан бол одоо журмын хулгай хийдэг болчхоод байна. Захиргааны ерөнхий хуулиар иргэдэд хамааралтай хуулийг санал авах ёстой, судлах ёстой байдаг боловч Санхүүгийн Зохицуулах хорооноос шууд шийдвэр гаргачихсан байгаа юм. Тэгээд 100 гаруй мянган хүнд хамааралтай хуулийг яагаад санал асуухгүй баталж байгаа юм бэ гэхэд энэ бол цөөхөн хэдэн даатгалын компаниудад хамааралтай шийдвэр гэж хариулсан.

Санхүүгийн зохицуулах хорооны веб сайт дээр тэр журам нь байхгүй байна. Уг нь нээлттэй байх ёстой. Энэ бол ипотекийн зээл авах гэж байгаа болон авсан хүмүүст хамааралтай асуудал болоод байна. Тэгтэл даатгалын компаниудад л хамааралтай гэж байгаа юм уу тэ?

-энэ орон сууцны зээл бол тийм амар олддог зүйл биш шүү дээ. Тэгээд банкан дээр яваад очиход гэрээгээ хийхэд энэ нөхцөлийг зөвшөөрөхгүй бол зээл олгохгүй гэх мэтээр цаашаа явна. Энэ үнэхээр сайн дурын даатгал юм бол яагаад заавал журам батлах гээд байгаа юм бэ? Тэгэхээр би юу гэж харж байна гэхээр зуны амралтыг дайруулаад журмаа гүйлгэчихье л гэж харж байгаа байх. Ер нь чухал хуулиудын баяр наадмын үеэр баталчихдаг болсон байна.

Энэ журмыг зөвтгөх гэж үзье. Гадаадад өндөр хөгжилтэй оронд бол оноог нь ихэсгэхийн тулд амь даатгал даатгуулах сонголтыг олгодог. Манайхан бол сонголт байсаар байтал журам болгоод гаргачхаж байгаа юм байна. Энэ даатгал ер нь хэнд ашигтай юм бэ?

-Даатгал бол заавал байх ёстой зүйл гэвч би яагаад энэ даатгал дээр асуудал яриад байгаа юм бэ гэвэл нэгдүгээрт энэ чинь давхцаад байгаа юм. Орон сууцны зээлийн тогтмол цалинтай татвар төлдөг ийм хүмүүст л олгож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс чинь дор хаяж 25 хувийн даатгалын шимтгэл төлж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл дотор хөдөлмөрийн чадвараа алдахтай холбоотой даатгалын хэсэг явж байгаа байхгүй юу тэгэхээр бид нарын даатгах гээд байгаа юмны зарим хэсэг нь энэ даатгал дотор байгаа. Хоёрдугаарт одоо явж байгаа орон сууцны даатгалын дотор амь насны даатгал буюу гэнэтийн ослоор өөд болбол амь насаа даатгана гэдэг хэсэг явж байгаа дээр нь нэмээд нийт зээлийн дүнгийн 0,3-аас 0,8 хувьтай тэнцэх хэмжээний даатгалын амь нас эрүүл мэнд дээр оруулна аа гэж оруулж ирж байгаа нь нэгдүгээрт давхцал үүсэж байна. Хоёрдох  асуудал нь захиргааны ерөнхий хууль гээд байгаа юм. Хуулийн биш ойлголттой хүмүүст тайлбарлахад надад хамааралтай шийдвэр гаргаж байгаа бол надад хэлсний дараа шийдвэр гарга гэдэг хуультай. Тэгэхээр энэ Монгол улсын 115 мянган хүнд хамааралтай шийдвэр гаргахдаа энэ журмыг зөрчиж байна гэдэг дээр хоёр дахь асуудал байгаа юм. Гуравдах асуудал гэвэл хувь хэмжээн дээр яригдаж байгаа юм. 100 сая төгрөгийн зээл авсан хүн 25 сая төгрөгийн шимтгэл төлнө. Энэ нь хамгийн өндөр хувь. Энийг яаж гаргасан гэхээр нэг жилийн 0,3-0,8 хувь байдаг юм байна. Тэгэхээр 100 сая төгрөгөөс бодоход 300 мянгаас 800 мянган төгрөг жилдээ төлөх нь байна. 100 сая төгрөгний  зээл авчхаад 25 сая төгрөг төлнө гэдэг бол нийт зээлийн дөрөвний нэг болчхож байгаа юм.

Яагаад ийм журам батлав, энэ захиалгатай журам уу та юу гэж бодож байна?

-2023 онд Дүнжингаравын уулзвар дээр газны машин дэлбэрээд 207-р байр бүхэлдээ шатсан. Нийт 63 айл амьдарч байсан. Даатгалын асуудлаар надад хандаад 12 айлын л даатгал хүчин төгөлдөр байсан. Тэгээд даатгалын компаниуд мөнгийг нь өгөхгүй л гэдэг юм билээ. Тэгээд сүүлд нь 11 айлд нь мөнгийг нь авч өгсөн. Нэг айл нь авч чадаагүй. Ахиад арван хэдэн айлын даатгалын хугацаа дууссан байсан.Одоо зээл нь нэхэгдээд төлөөд явж байгаа.  Гол нь яг юу хэлэх гээд байна вэ гэхээр даатгал бол ашигтай. Даатгал бол тэр хүмүүсийн аминд орсон. Гэхдээ энэ өнөөдрийн амь нас эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээ бол дэндүү өндөр байна. 10-25 хувь гэдэг бол маш өндөр байна л гээд байгаа юм. Хоёрдугаарт энэ ачаалал хэнд хэрэгтэй вэ гэхээр нөгөө тогтмол орлоготой залуучууд. Жилд сая төгрөг төлнө гэдэг бол тэпний амьдралд ачаа нэмж байгаа.

Нэг талаараа бидний эрх ашгийг хамгаалаад байгаа юм шиг хэр нь нөгөө талаар банкны эрсдэлийн 25 сая төгрөгөөр дарах гээд байна шдээ. Монголын банкны эрсдэл хамгийн бага буюу 0,9 хувьтай байдаг юм билээ. Чанаргүй зээлийн хэмжээ нь тэндээ байгаа байхгүй юу? Тэгсээр байтал энэ журмын баталж байгаа нь банктай холбоотой даатгалын компани баталчхаж байгаа юм болов уу. Хуульч хүний хувьд харахад ийм боломж байх юм болов уу?

-Хамгийн эрсдэлгүй зээл бол орон сууцны зээл. Яаж ийж байгаад төлдөг. Үнэхээр зээлээ төлөх боломжгүй байх юм бол түрээслүүлээд түрээсийн орлогоороо төлөх боломжтой байдаг. Эзэн нь өөд боллоо гэхэд байраа түрээслүүлээд байраа авч үлдэх боломж байдаг. Ийм эрсдэл багатай, найдвартай зээлийг ийм өндөр дүнтэй даатгуулах нь шударга бус сонсогдож байгаа. Яагаад энэ тооцоог гаргасан юм гэхээр Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт бага байдаг юм аа. Энэ нь эрсдэл мөн хэдий ч банкны үүднээс харвал найдвартай, даатгалын үүднээс харахад буцааж авахгүй маш их мөнгийг авч байгаа гэсэн үг.

Одоо тэгээд хуулийнхаа хувьд ямар гаргалгаа байгаа юм бэ? Таны хувьд юунд хүрье гэсэн зорилготой байгаа юм бэ?

-Нэгдүгээрт олон нийтэд энэ мэдээллийг хүргэсэн байгаа, мэдээж хуулиараа явна мөн санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтээ өгсөн байгаа. Та нар энэ хуулийг батлахдаа захиргааны ерөнхий хуулийн нөхцөл журмыг зөрчсөн байна. Маш олон хүнд хамааралтай шийдвэрийг нууцаар гаргасан байна энийгээ зогсоо гээд нь хууль зүй дотоод хэргийн яаманд өгчихсөн байгаа. Яагаад гэвэл Хууль зүй дотоод хэргийн яам энэ хэргийг хянаад болж байна гэвэл бүртгэх ёстой байгууллага. Зөвшөөрсөн хариу ирэх юм бол ойлгомжтой болиул гэж байгаа юм биш энийгээ түр зогсоо олон нийтээр хэлэлцүүл, тооцоо судалгаагаа явуул тэгээд цаашаа явж болно дэмжиж байгаа үгүй бол би санхүүгийн зохицуулах хорооны даргыг санхүүгийн зохицуулах хорооны зөвлөлд гомдол өгөөд тэрийг нь хүлээж авахгүй бол захиргааны шүүхэд хандана.

Энэ асуудал дээр хүмүүс ямар байр суурьтай байна?

-Энэ зохицуулалтын талаар хэн ч мэдэхгүй байна. Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд мөн энэ даатгалын үр шимийг хүртэх даатгалын компаниуд л мэдэж байна. Бусад нь бол ямар ч ойлголт алга. Тэгэхээр миний карманаас гарах мөнгийг би мэдэхгүй байна гэдэг нь асуудал.

Олон нийтэд хамааралтай шийдвэр гаргах гэж байгаа бол мэдэгдэнэ гэсэн хууль байгаа юу?

-Заавал олон нийттэй хэлэлцэж саналыг нь авах ёстой гэсэн зохицуулалт бий. Тэрнээс биш санхүүгийн ерөнхий хорооны захирал дур мэдэж тийм шийдвэр дангаараа гаргах эрх байхгүй.

Бид нар угаасаа жил болгон гэнэтийн ослын даатгал төлж байгаа шүү дээ тэгвэл энэ дээрээ давхар бодогдох юм уу тусдаа бодогдох юм уу? Ийм зохицуулалт байгаа юм уу?

-Тусдаа явна. Амь нас эрүүл мэндийн даатгал буюу 20-30 жилийн хугацаатай компаниудтай байгуулах гэрээ юм. Тэгэхээр орон сууцтай холбоотой хэсэг нь жилд 70,80 мянган төгрөг, амь настай холбоотой нь 300-800 мянган төгрөгийн шимтгэл төлөхөөр болж байгаа юм.

Шударга бус зүйл зөндөө байна. Таны өмнө нь ярьж байсан шүүхээр яваад эцэслүүлээд нэг хувийн шимтгэлээ буцааж авч чадах юм уу? Энэ асуудал юу болж байна.

-Энэ асуудал эцэслүүлсэн боловч амьдрал дээр хэрэгжихгүй байгаа. Манай хамаатны дүү байрны зээл авахад зээл судалсны шимтгэл гэж 800 мянган төгрөг авсан. Банкнаас ямар ч зардал гараагүй. Шүүх дээр арван банк орсон. Банк гаргасан зардлаа баталж чадаагүйн үүднээс ялагдсан. Гэвч хохирлоо барагдуулаагүй 20 саяар торгуулаад өнгөрсөн. Гэвч эргүүлж мөнгийг нь төлөөгүй одоо ч  авсаар байгаа. Энэ бол луйвар.

Энэ асуудлууд цаашаа яваад байх юм уу яаж шийдэх юм?

-Тууштай явах л хэрэгтэй. Хэн нэгэн тэмцэхгүй бол энэ их шударга бус зүйлс явсаар л байх болно.

Таньд ямар нэгэн дарамт ирж байна уу?

-Хууль ёсоороо буруу зүйл биш учраас ямар нэгэн дарамт байхгүй байгаа. Мөн доороос гарч ирж байгаа залуу хуульчиддаа үлгэр болохыг хичээдэг. Жилдээ нэг асуудал барьж аваад тэрийгээ зөв замд нь оруулчих юм бол тэгээд л болоо. Надаас гадна арван хуульч, хорин хуульч ингэж яваад байх юм бол энэ дураараа аашилдаг дараг нар чинь айж эмээж эхэлнэ. Тийм учраас л явж байгаа. 

Бидний хүссэн хүсээгүй даатгуулдаг албан даатгалаа датгалын компани нь сонголттой байх ёстой юм уу?

-Банкнаас зээл авахад өөрсдийн гэрээ байгуулсан даатгалын компанийг тулгадаг. Банк бол зээлээ л олгох ёстой болохоос даатгалын компаниа бид өөрөө сонгох ёстой.

Ипотекийн зээл олгоно гэсэн компаниуд урьдчилгааг нь өгчхөөд байрандаа орж чадахгүй байдаг тохиолдол байгаад байна. Ипотекийн зээлийн эрэлт бол тулчихсан байгаад байна. Тэр тал дээр та юу гэж харж байна вэ?

-Банкнууд ипотекийн зээл авъя гэхээр хоёр гурван компанийг санал болгодог. Гэтэл өөрсдөөс нь зээл авч барилга барьсан компаниудыг тулгадаг. Энэ ипотекийн зээлийн зорилго нь уг нь анх удаа байр авч байгаа залуу хүмүүст хямд байр олгох зорилготой. Харин банкнууд ингэж дур дураараа аашилж тулгах эрх байхгүй.

Хуульдаа ингэж цагаан дээр хараар бичсэн юм байгаа юм уу?

-Банк бол Монгол банкнаас зөвшөөрөл авч байж орон сууцны буюу ипотекийн зээлийг олгохдоо бид нар байраа сонгоно, бид нар даатгалаа сонгоно гэдэг эрхийг Монгол банк олгоогүй тэдэнд тийм эрх байхгүй.

Тэгвэл энэ асуудал дээр Монгол банк хяналт тавьж чадахгүй байна гэсэн үг үү?

-Монгол банк бол төрийн нэрийн өмнөөс банкнуудад хяналт тавих үүрэгтэй байгууллага. Гэвч энэ ажлаа тун хангалтгүй хийж байгаа. Хоёр дахь асуудал нь Монголд банкнуудад өрсөлдөөн байхгүй байна. Зах зээлээ хумьж байгаад хүссэн шийдвэрээ гаргадаг болчихсон. Энэ бол банкны хувийн мөнгө бол яая гэхэв та бидний, төрийн мөнгө учраас ингэж болохгүй.

Та ер нь эцэст нь энэ асуудал дээр юу гэж хэлмээр байна?

-Одоо найман сарын нэгнээс даатгалын шимтгэл өсөх гэж байна мөн хувь хүний санхүү дээр чинь ачаалал үүсэх гээд байна гэсэн шүглийг би үлээлээ. Холбогдох байгууллагуудад нь ч бас хандлаа. Та ч бас оролцоод явмаар байна. Дуу хоолойгоо өргөөд явж байгаа хүмүүсээ дэмждэг баймаар байна.

 

Бидний урилгыг хүлээн авч үзэл бодол байр сууриа илэрхийлсэнд баяртай байна. Таны нийгмийн төлөө хийж байгаа үйлс болгонд тань амжилт хүсье.

 

Таны хариу үйлдэл юу вэ?

Таалагдлаа Таалагдлаа 0
Таалагдахгүй Таалагдахгүй 0
Хайр Хайр 0
Хөгжилтэй Хөгжилтэй 0
Ууртай Ууртай 0
Гунигтай Гунигтай 0
Гайхалтай Гайхалтай 0