М.САЙНБИЛЭГ: НЭЭЛТТЭЙ БАНК ХАМТЫН АЖИЛЛАГАА СУУРЬТАЙ БАЙХ БОЛНО

Банкны салбарын технологийн хөгжлийн талаар Голомт банкны мэдээлэл технологи хариуцсан захирал М. Сайнбилэгтэй ярилцлаа.
Та банкны салбарын мэдээллийн технологийн чиглэлд 10 гаруй жил ажилласан туршлагатай хүн. Сүүлийн жилүүдэд технологийн дэвшил энэ салбарт томоохон өөрчлөлтүүдийг авч ирэх боллоо. Арван жилийн дараа гэхэд энэ салбар яаж харагдах бол? Төсөөллөөсөө хуваалцаач?
Банкны салбар үндсэн гурван үйлчилгээ үзүүлдэг. Хадгаламж, зээл, төлбөр тооцоо. Энэ салбар үүсэж бий болсноос хойш энэ гурван үндсэн үйлчилгээ огт өөрчлөгдөөгүй. Цаашид ч өөрчлөгдөхгүй байх. Харин энэ гурван үйлчилгээг харилцагчдад хүргэж байгаа арга зам технологийн дагуу хувьсан өөрчлөгдсөөр ирсэн. Жишээлбэл үүрэн холбооны хөгжлийн оргил үед мобайл банкны үйлчилгээ, интернет түгэн дэлгэрэх үед интернет банкны үйлчилгээ бий болсон. Одоогоор хиймэл AI-оюун ухаан, IoT-зүйлсийн интернетэд суурилсан дижитал банкны үйлчилгээ түгээмэл байна. Голомт банкны хувьд 2020 оноос эхлэн open banking буюу нээлттэй банк гэсэн идеологийг Монголд танилцуулан ажиллаж байна. Тэгэхээр банкны үйлчилгээ тухайн үед тэргүүлж байгаа технологийн дагуу хувьсан өөрчлөгддөг. Арван жилийн дараа ямар технологи бидний өдөр тутмын амьдралд голлох үүрэгтэй байхаас 10 жилийн дараах банкны дүр зураг харагдана. Миний бодлоор үүлэн технологи, блокчэйн, метаверс гэсэн технологийн гурван шийдэл тэргүүлэх шинжтэй орших байх гэж боддог. Тэгэхээр магадгүй метаверсэд бид банкны үйлчилгээ авдаг болж ч мэднэ.
Тэгвэл Голомт банкны нэвтрүүлж буй Нээлттэй банк гэдэг ойлголтыг тайлбарлаж өгөөч?
Энэ нэршлийн суурь нь нээлттэй дата буюу өгөгдөл юм. Энэ нь харилцагч хүссэн үедээ, хүссэн газраасаа, хүссэн платформоо ашиглан өөрийн датагаа удирдахыг хэлнэ. Иргэдийн хувьд гэхэд өөрт хамгийн ойр, зардал багатай платформоо сонгон банкны үйлчилгээг авах боломжтой байх ёстой. Жишээлбэл тухайн харилцагч Шоппи гэсэн апп дээрээс өөрийн дансны үлдэгдлээ шалгах боломжтой гэсэн үг. Гэхдээ энэ нь банкны апп дээрээс дансны үлдэгдлээ шалгаж байгаа шиг өндөр нууцлала аюулгүй байдалтай байх юм. Үүний тулд банкны дэд бүтцийг ашиглана. Өөрөөр хэлбэл хэрэглэгч шоппи платформ дээрээс дансны мэдээллээ харж байгаа ч ард нь банкны дэд бүтэц ажиллаж, нууцлал аюулгүй байдлыг нь хангана гэсэн үг. Ингэснээр ямар асуудал шийдэх вэ гэвэл таван жилийн өмнө LendMN апп харилцагчдаасаа банкны нууц үгийг нь авч тухайн хэрэглэгчийн мэдээллийг татаж авдаг байсан. Тэгвэл нээлттэй банкны концепц хэрэгжсэнээр харилцагч өөрийнхөө хуваалцахыг хүссэн мэдээллээ л хуваалцах боломжтой болж байгаа юм. За байгууллагын харилцагчдын хувьд гэхэд одоо манай интернет банкны үйлчилгээг хэрэглэдэг том байгууллага бараг байхгүй болсон. Учир нь тэд өөрсдийн ERP систем дээрээсээ банкны бүх үйлчилгээг авах боломжтой болсон. Ингэснээр буй болох хамгийн ойрын давуу тал гэвэл тухайн байгууллагын ажилтан цалингийн зээл авах боллоо гэж бодъё. Өмнө нь тухайн ажилтан цалингийн тодорхойлолт, дансны мэдээллээ банкан дээр аваачиж өгч байж цалингийн зээл авдаг байсан. Тэгвэл одоо тухайн ажилтан шууд өөрийн байгууллагын ERP систем дээрээсээ цалингийн зээл авах боломжтой болсон. Илүү өргөн утгаараа бол энэхүү нээлттэй банк концепцоор дамжуулан бид харилцагч байгууллагуудаа дижитал шилжилт хийхэд нь тусалж байна гэсэн үг.
Манай банк салбартаа дижитал шилжилтээр тэргүүлдэг. Харин манай салбар нь Монгол Улсдаа дижитал шилжилтээр тэргүүлэгч салбар. Гэхдээ дижитал шилжилтээр тэргүүлэх нь бидний зорилго биш. Харин энэ бий болгосон давуу талаа харилцагч нартайгаа хуваалцах нь бидний зорилго. Яагаад гэвэл дижитал шилжилтийн хамгийн чухал хэсэг нь харилцан холбоо хамааралтай байж, sharing economy буюу зардлаа бууруулахын тулд дэд бүтцээ хуваалцах юм. Манай банкны үндсэн суурь зарчим нь Монголын нийгмийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах.
Нээлттэй банк гэсэн үзэл санаа танай банканд хэдийнээс боловсорч, хэрэгжүүлэхийн тулд хэдий хэмжээний нөөц зарцуулсан бэ?
Нээлттэй банк гэсэн ойлголт олон улсын хэмжээнд 2014 оноос хэрэглэгдэж эхэлсэн. Бодит хэрэглээ болж эхэлсэн үе нь 2017 он болов уу. Манай банкны хувьд 2019 оноос эхлэн суурь судалгаануудаа эхлүүлж, 2020 онд туршилт тестүүд хийж эхэлсэн. Харин бүтээгдэхүүнээ зах зээлд өнгөрсөн оноос танилцуулж байна.
Голомт банк Монгол Улсын банкны салбарт технологиор түүчээлдэг. Банкны ямар төрлийн үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх вэ гэдэг дээр бид тэргүүлэх анхаарлаа хандуулдаг. Ингэж ажиллах ёстой гэсэн зарчим, соёл манай банканд 10, 20 жилийн өмнөөс тогтсон. Тэгэхээр үүний хүрээнд хийсэн нэг алхам нь л нээлттэй банк юм.
Тэгвэл Голомт банк цаашид ямар шинэ үнэ цэнийг харилцагч нартаа санал болгох төлөвлөгөөтэй байна вэ?
Би өмнө нь хэлсэн. Банк 3 үндсэн төрлийн үйлчилгээ үзүүлдэг гэж. Гэхдээ энэ гурван үйлчилгээ нь олон төрөлд хуваагддаг. Тэгэхээр тэр үйлчилгээ бүрийг л харилцагч нартаа санал болгох болно. Жишээлбэл, Аялал жуулчлалын компани байлаа гэж бодъё. Хүн бүр аялах хүсэлтэй. Гэвч аялалд зарцуулах хуримтлалтай хүн цөөхөн. Тэр хүмүүс аялахын тулд зээл авах шаардлагатай болно. Гэтэл аялал жуулчлалын компани зээлийн үйлчилгээ үзүүлдэггүй. Энэ тохиолдолд бид аялал жуулчлалын компанид зээлийн үйлчилгээ санал болгодог. Ингэхдээ хамгийн гол нь Голомт банк руу хандах бус тухайн аялал жуулчлалын компанийн платформ дээрээс зээлээ авна гэсэн үг. Энэ бол нээлттэй банкны нэг давуу тал. Өөр нэг хүн ирээдүйд аялах төлөвлөгөөтэй байж болно. Үүний тулд тэр хүн хуримтлал үүсгэх хэрэгтэй болно. Энэ тохиолдолд тэр хүн хуримтлалаа банканд бус аялал жуулчлалын компанийн платформ дээр үүсгэх боломжтой. Энэ зээл олгох эсвэл хуримтлал үүсгэх дэд бүтцийг нь бид бэлдэж өгнө. Хэрэглэгчид харагдах талаасаа энэ зээл, хадгаламж нь аялал жуулчлалын компанийн бүтээгдэхүүн байна. Энэ нь манай харилцагч аялал жуулчлалын компанийн хэрэглэгчид илүү хялбар байх болно. Бид дижитал шилжилтийг ингэж харилцагч нартайгаа хамт хийж байна. Цаашид харилцагч байгууллагуудынхаа үйлчлүүлэгч, харилцагчтай хамтрах гээд нэг биш хоёр гурван түвшинд хийх болно.
Тэгвэл одоогоор энэхүү нээлттэй банк концепцын хүрээнд та бүхэн ямар ямар байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа вэ?
Шоппи, EMongolia, UBcab, TapaTrip, АПУ, CU зэрэг бүх л төрлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Танайтай хамтран ажиллахад ямар шаардлагууд тавигдах вэ?
Нээлттэй банкны хүрээнд бид API платформуудыг ашигладаг бөгөөд энэ нь өөрийн гэсэн стандартуудтай. Гэхдээ технологийн энэ шаардлага хамгийн чухал нь биш. Тухайн байгууллагын соёл, бизнесийн загвар, үйл ажиллагааны процесс нь нээлттэй байх ёстой. Энэ тохиолдолд өмнө дурдсан технологийн шаардлагууд харьцангуй энгийншээд ирнэ.
Манай банк санхүүгийн салбарын хөгжил дэлхийн түвшинтэй харьцуулахад хаахна яваа бол?
Монгол улс бол хөгжиж буй улс. Энэ хэсэгт багтаж байгаа улс орнууд дотроо Монголын банкны систем тэргүүлэх хэмжээнд үнэлэгдэнэ. Жишээ нь Monpay, HiPay, LendMN, Invescore гээд банк санхүүгийн маш олон шийдлүүдийг бид харж байна. Хөгжиж буй орнуудын заримд нь ийм шийдлүүд огт байхгүй. Дэлхийн хэмжээнд гээд ярьвал дэлхийн 200 гаруй улсаас эхний 30-д хангалттай жагсах байх гэж боддог. Үүнд Монголбанкны манлайлал ч чухал байсан. Ганц жишээ дурдахад Монголбанк 2014 онд real time гүйлгээний системийг нэвтрүүлж байхад тухайн үед 10 гаруй улс л ийм системтэй байсан. Өнгөрсөн онд Монголбанк Т карт системийг танилцуулсан. Ийм чиптэй карт ашигладаг 10 гаруй улс л бий.
Голомт банк өнөөдөр нээлттэй банк гэсэн хөгжлийн үе дээрээ яваа юм байна. Тэгвэл хөгжлийн дараагийн зогсоол нь хаана байх вэ?
Миний харж байгаагаар цаашид манай технологийн хөгжил клауд, блокчэйн, хиймэл оюун ухаан гэсэн суурь шийдлүүдэд төвлөрөх болно. Хиймэл оюун ухаанд суурилсан санхүүгийн зөвлөгөөний үйлчилгээнүүд нэлээд гарах байх. Одоогоор манай интернет банкны хувийн санхүү гэсэн функц хиймэл оюун ухаанд тулгуурлан ажиллаж байна. Энэ функц улам бүр хөгжинө гэсэн үг. Мөн хэрэглэгчийн хоолой, яриаг таньж, үйлчилгээ үзүүлэх технологийн шийдлүүд бий болох байх.
Бид сүүлийн үед блокчэйн технологид ихээхэн анхаарал хандуулж байна. Блокчэйн нь төвлөрсөн бус бүтэцтэй бол банк өөрөө төвлөрсөн бүтэцтэй. Гэхдээ энэ нь банк блокчэйн технологийг ашиглах боломжгүй гэсэн үг биш. Энэ жилдээ багтаад бид блокчэйн технологид суурилсан анхны үйлчилгээнүүдээ зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байна. Иргэд ямар технологи ашиглаж байна тэр технологиуд дээр л банкны үйлчилгээ очиж суугаад явах болно.
Танай банк өөрийн интернет банктай. Гэхдээ үүний хажуугаар Social Pay гэсэн хэтэвчтэй. Тэгвэл энэ үйлчилгээг нэвтрүүлсэн алсын хараа юу байв?
Дижитал шилжилтийн нэг чухал чанар бол харилцаа хамаарал. Өөрөөр хэлбэл 20, 30 байгууллага хамтарч нэг платформ бүтээгээд нэг нэгнээ дэмжиж явдаг. Тийм болохоор бидэнд бусад байгууллагатай чөлөөтэй хамтран ажиллах платформ шаардлагатай болсон.
Сүүлийн жилүүдэд банк санхүүгийн салбар руу финтех старт апууд олноороо орж ирж байна. Мөн цахим мөнгө, койнууд олноороо бий болж байна. Тэгэхээр энэ өөрчлөлт салбарт хэрхэн нөлөөлж байна.
Эерэгээр нөлөөлж байна. Бид хамтралд ч өрсөлдөөнд ч аль алинд нь бэлэн. Банк санхүүгийн салбарт гарсан хамгийн том бодит өөрчлөлт нь ЛэндМН байсан. Тэр үед ч бид ЛэндМН-тэй хамтарч харилцагчийн хүсэлтээр датагаа ашиглуулж байсан. Сүүлийн жилүүдэд энэ салбарын том жижиг тоглогчид бүгдээрээ дижитал шилжилтийг нэг финтек эсвэл нэг банк ганцаараа хийдэггүй юм байна гэдгийг ухаарсан. Бид өөрсдийнхөө бүтээсэн илүү сайн шийдлүүдээ нэг нэгэнтэйгээ хуваалцсанаар синержи үүсгэж чадна. Байнгын өрсөлдөөн эсвэл байнгын хамтын ажиллагаа гэж байхгүй. Хамтын ажиллагаа ч өрсөлдөөний нэгэн адилаар шинэ санаа, тэсрэлтийн эх булаг байх боломжтой. Тэгэхээр би өрсөлдөөн ба хамтын ажиллагааг нэг зүйлийн хоёр тал гэж боддог. Хамгийн чухал нь аль ч тохиолдолд харилцагчид хожих ёстой.
Тэгвэл энэ салбарын тоглогчид дундаас Голомт банк технологийн тал дээр юугаараа онцгойрох вэ?
Бид ч манай харилцагчид ч Голомт банк технологийн суурьтай гэдгийг ойлгодог, мэдэрдэг. Өөрөөр хэлбэл харилцагчид маань ч биднээс технологийн дэвшил шаарддаг. Бид ч технологиор тэргүүлэх ёстой гэдэгтээ бат итгэдэг. Энэ л манай байгууллагын суурь мотор болов уу. Гэхдээ хамгийн гол нь технологи харилцагчид гардаг асуудлыг шийддэг байх ёстой. Түүнээс биш шинэ технологи бүрийг нэвтрүүлээд байх нь чухал биш.
Баярлалаа.
Таны хариу үйлдэл юу вэ?






