Өмнөд Солонгос ба Монголын шүүхийн ялгаа

Эрх мэдэл, албан тушаалтай холбоотой авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил манайд гэлтгүй олон улсад томоохон сорилт болдог. Гэхдээ улс орнууд шударга бус зүйлтэй хэрхэн тэмцэж буйгаас хууль засаглал, шударга ёсны бодит хэрэгжилтийг харж болно. Өчигдөр буюу наймдугаар сарын 12-нд БНСУ-ын экс ерөнхийлөгчийн эхнэрийг баривчлах шийдвэр гарснаар дэлхийн түүхэнд эхнэрийн хамт хорих ял авсан анхны ерөнхийлөгч болж байна. Энэ шүүхийн шийдвэр нь БНСУ-д эрх мэдэл хуулийн өмнө юу ч биш гэдгийг дахин баталсан нэгэн тод жишээ боллоо. Учир нь тэргүүн хатагтай үнэтэй бэлэг авсан, хуурамч диплом үйлдсэн, хөрөнгийн зах зээлийг хуурамчаар хөөрөгдсөн, нөхөр нь эрх мэдлээ ашиглан үүнийг нуун дарагдуулсан гэх хэргүүд зэрэгцэн ил болжээ.
Өмнөд Солонгос улсын сүүлийн хэдэн арван жилийн улс төрийн түүхийг сөхвөл ихэнх экс ерөнхийлөгч нь шүүхийн танхимд зогсож, зарим нь шоронгийн хаалга татсан байдаг.
Харин Монголд?
Авлига, албан тушаалын хэргүүдийг тойрсон шуугиан цөөнгүй гардаг ч дээд түвшний албан тушаалтнууд бодит ял авч, хариуцлагаа хүлээнэ гэдэг ойлголт манай нийгэмд байхгүй. Зөвхөн хуурамч дипломны асуудлыг хөндөхөд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатарын боловсролын баримт бичигтэй холбоотой асуудал нэлээд дуулиан тарьсан. Түүнийг хуурамч дипломтой гэж шүүмжилэл үүссэн боловч энэ маргаан нь улс төрийн тэмцэл, хэвлэл мэдээллийн дуулиан болж өнгөрсөн. Энэ мэт хуурамч дипломтой холботой хэрэг улс төрчдийн дунд ихээхэн гардаг ч үүнийг шалгаж тогтоож, хариуцлага тооцох механизм улс төрийн системд даан ч алга. Ийнхүү энэ асуудал дээр өөрөө ч нотолсон зүйлгүй, шүүхийн шийдвэр ч үнэн худлыг ялгалгүй дуусгавар болсон. Тэрээр одоог хүртэл УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Энэ мэт эрх мэдэлтэй төрийн өндөрлөгүүдэд холбогдсон хэргүүд ихэвчлэн “урт мөрдөн байцаалт”-ын ард намжиж, улмаар хэрэгсэхгүй болдог. Энэ байдал нь Монгол Улсын хууль засаглалын нэр хүндийг доройтуулж, олон нийтийн итгэлийг мохоосоор байна.
- БНСУ: Шүүх, прокурорын байгууллага улс төрийн дарамтнаас харьцангуй ангид ажилладаг. Хууль зүйн байгууллагуудын бие даасан байдал нь улс төрийн бүлэглэлийг “дархлаагүй” болгож, хариуцлага тооцох боломжийг бүрдүүлдэг.
- Монгол: Шүүх засаглал улс төрөөс хараат учир шударга шийдвэр гарна гэсэн ойлголт байхгүй. Эрх мэдэлтэй бүлэглэлүүд хууль хяналтын байгууллагад нөлөөлж өндөр албан тушаалтнуудад бодит хариуцлага тооцох боломжийг боомилдог.
Юн Сүк Ёлын хэргээс харахад эрх мэдэл, гэр бүлийн ашиг сонирхлын зөрчил хаа ч байдаг. Гэхдээ шударга нийгэм л үүнийг шүүхийн өмнө хариуцлага хүлээлгэж чаддаг. Харин шударга бус манай нийгэмд эрх мэдэлтнүүд хуулийн дээр гарч суун хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил улам гаарч, дараа дараагийн сонгуулийн кампанит ажлаа төлвөлсөн ёсоор гүйцэтгэдэг.
Таны хариу үйлдэл юу вэ?






